Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 08:30 цагт Завхан аймгийн Нөмрөг суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгажээ.
Шалгалтаар Toyota Prius маркийн суудлын тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda Titan маркийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас онхолдож жолоодож явсан 17 настай, эрэгтэй “Б” болон зорчигч 29 настай, эрэгтэй “Т” нар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.