УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Үндсэн хуулийн 39.4 дэх заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Би дор дурдсан таван үндэслэлээр тус шаардлагыг хүргүүлж байгаа юм.
НЭГДҮГЭЭРТ, Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр чуулганы хуралдаан үеэр миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй “150 еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн. Төслийг нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн” гэсэн үндэслэлгүй худал, гүтгэлгийг цацсан. Хөдөө аж, ахуйн яамнаас тодруулсан. Төслийн нийт өртөг нь урьдчилсан байдлаар 90 сая доллар юм байна. Төслийн баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал бөгөөд одоогоор тодорхойгүй байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр надтай ярилцаж байгаагүй зүйлээрээ гүтгэсэн.
ХОЁРДУГААРТ,Б.Жавхлангийн хамаарал бүхий хүмүүсийн та бүхэнд хэлсэн. Сонгуулийн менежер Мөнхбаярыг 2016 онд Хөгжлийн банкны зээлийн захирлаа, ойрын хамаарал бүхий этгээд Уянгыг Зээл санхүүжилтийн хэлтсийн захирал, туслах асан Пүрэвсүрэнг мөн захирлаар тус, тус томилж байсан. Мөн өөрөө 2017 онд УИХ-ын нэр бүхий 10 гишүүний хамт Хөгжлийн банкны хууль нэмэлт өөрчлөлтийг санаачилж байсан. Ингээд банкны удирдлагуудад таван тэрбум төгрөгийг олгох эрхтэй болгосон. Үүнээс улбаалж жижиг зээлүүд цуварч гаран Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон.
Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдүүдээрээ байршуулж үгүй хийсэн. Гэтэл энэ мөнгийг авах боломжгүй, найдваргүй болсон цагт нь Сангийн сайд төрийн баталгаа гаргаж гадаад зээлийг төлнө гэхээр нь би боль гэж хэлсэн. Үүнийг боль гэж хэлэхээр урдаас хаа, хамаагүй арьс ширний үйлдвэр яриад тэнэгтээд байна.
ГУРАВДУГААРТ, Б.Жавхлан хаана банк байна тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх “Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн сан”-д өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулсан. Нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн зээлийг “Зэт финанс” ББСБ-аар авсан. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн НӨЛӨӨЛЖ ЖДҮС-гаас хэд, хэдэн компанид зээл авсан гэсэн мэдээлэл зөндөө гарсан.
ДӨРӨВДҮГЭЭРТ, 2014 ондБ.Жавхлан Капитал банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээл, эхнэр н.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээг байгуулж, авахуулсан ч төлөөгүй. Улмаар энэ зээл Төрийн банканд шилжсэн гэх мэдээлэлтэй байна. Төрийн банк чинь Сангийн сайдын харьяанд бий.
ТАВДУГААРТ. Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгасан. Банк зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Иймд төсөвт суусан хөрөнгийг зарцуулж буйг ажлын хэсэг гарган жил жилээр нь гаргах шаардлагатай байна. Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харна. С.Жавхланг АТГ-т шалгуулахыг мөн харж байна” гэлээ.