Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажилласан байна. Тэд тус сумын Сүмийн хөндийд мялзан өвчнөөр өвдсөн хоёр янгиртай тааралдсан тухайгаа мэдээлжээ. Хоёр янгирын нэг нь янзага, нөгөө нь нас бие гүйцсэн янгир байсан бөгөөд хоёул нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байжээ.
Энэ нь бог малын мялзан өвчний шинж тэмдэг гэж мал эмнэлгийн байгууллагууд үздэг. Байгаль хамгаалагчид янгирын тухай мэдээллийг аймгийн мал эмнэлэг, байгаль орчны газруудад өгсөн бөгөөд мэргэжлийн байгууллагууд өвчтэй янгираас цусны дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна.
Мялзан өвчин Монгол бөхөнд халдаж, дэлхийд ганц бөхөнгийн сүрэг мянга мянгаараа үрэгдчихээд байгаа. Гэтэл энэ өвчин дархан цаазтай янгирт халдварласан нь аргаль зэрэг бусад зэрлэг амьтдад ч халдахгүй гэсэн баталгаагүйг харуулав. Улмаар энэ өвчин бэлчээрээр дамжин мал сүрэгт халдаж магадгүй аюул нүүрлэжээ.