Миний дэлгүүр ХХК “ЗӨВ бичилтийн АМЛАЛТ” гаргасанд нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!
Сошиал орчинд гарсан Миний дэлгүүр ХХК-ны лангууны үнэ кассын үнэ зөрж байгаатай холбоотой бичлэгийн мөрөөр Миний дэлгүүрийн холбогдох албан тушаалтнуудыг дуудаж уулзлаа.
Миний дэлгүүр ХХК-ийн зүгээс энэ төрлийн зөрчлийг дахин гаргахгүй, гарсан тохиолдолд хэрэглэгчийг хохироохгүй байх оновчтой шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэр нь гарсан зөрчлийн хариуцлагыг Миний дэлгүүр ХХК өөрөө хүлээж, хэрэглэгчийн хохиролыг газар дээр нь шийдэх зөв алхам болжээ. Ингэснээр хэрэглэгч хохирохгүй, санамсаргүй зөрчил гарсан тохиолдолд бидний зүгээс Миний дэлгүүр ХХК-д хуулийн хариуцлага тооцож, торгууль шийтгэл оногдуулахад хүрэлгүйгээр компани хариуцлагажих боломжтой болж байгаа юм.
Бүх дэлгүүр худалдааны төвүүд Миний дэлгүүр ХХК-ны жишгээр “Зөв бичилтийн АМЛАЛТ” өгч ажиллавал дэлгүүр, хэрэглэгч, хэрэглэгчийн байгууллагын тал талын ашиг сонирхол хангагдана гэж харж байна.
Иймд бүх худалдааны байгууллагуудыг Миний дэлгүүр ХХК-ны жишгээр “Зөв бичилтийн АМЛАЛТ” гаргахыг уриалж байна.
ШӨХТГ-ын зүгээс 9 дүгээр сард зах, худалдааны төвүүдээр нэгдсэн хяналт шалгалт хийж энэ төрлийн зөрчил гаргасан 5 ААН-д тус бүр 5 сая төгрөгийн арга хэмжээ авсан, мөн Хэрэглэгчийн мэдээлэл авах эрх аяныг 9 сарын 1-с 10 сарын 1-ний хооронд зохион явуулж бүх дэлгүүр худалдааны төвүүдэд албан шаардлага хүргүүлж, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ААН-үүдтэйгээ уулзалт хийж, зөвлөмж хүргүүлж ажилласан билээ.
Эх сурвалж: ШӨХТГ