Р.Эмүжин
Эээ сахиус минь гэж, манайхан чинь ойрдоо огцом гэгээрээд, орой өглөөгүй афоризмаар хэрэлдэж байдаг боллоо. “Хошигнол бол доромжлол биш” гээд түрүү долоо хоногт цээжилж амжаагүй байтал “Шүүмжлэл бол доромжлол биш” гээд бүүр хэцүү хичээл шуугиад ороод ирлээ. Үгүй бас хэдэн жил сошиалаар сайн, муугаа дуудалцсаных, ингэж нэг төвшин ахимаар юм аа. Сэтгэлгээ, сэтгэлзүй, соёл, нийгмийн ёс зүй, хүний эрх…гээд олон олон сэдэв хөндсөн хэрүүл юм болохоор хэн хүнгүй далимд нь багахан гэгээрч, баахан бодол тээж үлдэх янзтай шүү.
-Хошин шогчид нийгмийн үнэт зүйлсийг доромжлон үнэгүйдүүлдэг. Тэд урлагийн алуурчин гэж хэлж болохоор аймшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Айн Рэнд /Америк/
-Хошин шог нь шоглоомын ард нуугдсан үнэн байх ёстой. Д.Вейс./Орос/
-Урлаг бол сайхныг дуурайхуй юм. Гераклит /Грек/
-Урлаг бидэнд нэгэн зэрэг өөрийгөө олох, бас алдах мэдрэмжийг өгдөг. Томас Мертон. /Франц/
Сүүлийн өдрүүдэд нийтийг хамран дэгдсэн хоёр хэрүүл урлагийн салбарыг тойрон эргэлдэж байна. Урлаг гэж юу вэ гэж өөрөөсөө асуухад хүргэлээ. Тэгээд юу гээч, урлагийн эд эс болсон ГОО ЗҮЙ хэмээгчээс ганц агшин, ганц зураас, ганц үг зөрж гишгэхэд л урлаг бус, харин ч уур бухимдлын шалтгаан болж хувирдаг ажээ хэмээн тунгааж сууна.
Тэрхүү ганц агшин, ганц зураас, ганц үгийг илдний ир, ятгын утас мэт торгон мэдрэмжээр удирдана. ХЗДХ-ийн төрийн нарийн Сайнзориг зөв санаа илэрхийлсэн хэрнээ АЛИАЛАГЧ гэдэг үг сонгосноороо алдаа гаргасан. Алиалах гэдэг бол том жанр, тэгэхээр урлагийн нэг төрлөөр нөгөөхийг нь цохиж унагаана гэж үгүй. Ингэснээрээ хэлэх гэсэн гол санааныхаа баганыг анхнаас нь хазгай тулсан бол жүжигчин Ононгийн хэрүүл өөрийнх нь дотор хүнийг, төөрөгдлийг бүрэн илчилсэн.
Харин өнөөдөр Уламбаяр ВИАГРА гэдэг үгийг бодлогогүй сонгож, илэрхийлэх гэсэн санаагаа доромжлол болгон хувиргасан бол аав, охин хоёр дуучны хачирхалтай постер зураг, хамтран дуулахдаа гаргадаг харилцаа ч бас ГОО ЗҮЙН талаасаа анхаармаар байлаа.
Урлаг, урлагийн нөлөөлөх хүч үнэндээ гайхмаар эмзэг, галзуурлын өмнөх ганц цэг дээр тогтдог гэдгийг энэ маргаануудаас харж болно. ГОО ЗҮЙ алдагдахад ЁС ЗҮЙ аль эрт хөндөгдсөн байх болно! Магадгүй эвдэрсэн байхад ч гайхах зүйлгүй.
Хэн дуртай нь хэзээ дуртай цагтаа, хэрхэн төөрөлдсөнөөрөө тэр цэгийг хаа хамаагүй хатгаад байж таарахгүй. Сайн мэдээ гэвэл бид илүү шатлал ахиж, урлаг болоод гоо зүйн талаар маргалдан, бие бие рүүгээ алдарт афоризмуудыг шидэлцэж байна. Хөөсрөөд байна уу, хөгжөөд байна уу, мээдкү. Ямартай ч нөгөө капитализмыг алгасдаг шиг амьжиргаагаа алгасан дүүлээд, алтан тайз руу дөхөж л явна.