Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 6 дугаар хуралдаан өнөөдөр болж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11/2796 дугаартай албан бичгээр ирүүлсэн зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтийг хэлэлцжээ.
ШӨХТГ-аас судалгааг хийхдээ үнэ тарифын индексжүүлэлт хийх тээврийн бүлгүүдийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох саналыг авсан байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээж экспортын ачаа тээврийн бүлгийн болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тодорхой хувиар индексжүүлэхээр болжээ.
Хуралдаанаар экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь, экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь, экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь, экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь, мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэхийг дэмжиж, “Зарим бүлгийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн үнийн өөрчлөлтийг зөвшөөрөх тухай” тогтоолын дагуу индексжүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.
Мөн хуралдааны тэмдэглэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дээрх үнэ тарифын индексжүүлэлт хийснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан ачаа тээврийн вагон болон зорчигч тээврийн вагоныг шинээр солих, сайжруулах, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл хүргүүлжээ.
Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөгийн үнэ тарифтай байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.