Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй,
зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд
ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар сонсогч Амарыг тус сургуулиас хассан, уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Амар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар сонсогч Амар нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд суралцаж байхдаа олон нийтийн сүлжээнд, өөрийн фэйсбүүк хуудсанд сонсогчийн дүрэм хувцас бүхий өөрийн зурагтайгаар садар самуун, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан нь тогтоогдов.
Дээд боловсролын тухай хуульд зааснаар суралцагч нь сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлэх, сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих үүрэгтэй бөгөөд, “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм”-д суралцагч, сонсогч нь хувь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, албаны хувцастай зургийг хувийн зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулах, их сургуулийн орчин, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах, бүх нийтээр дагаж мөрдөх харилцааны соёлыг үл баримтлахыг хориглохоор заасан байна.
Анхан шатны шүүх Амарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Амарыг сургуулиас хассан нь тус сургуулийн холбогдох дүрэм, журамд нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзжээ.
Нэхэмжлэгчээс “… чөлөөтэй байх, үг хэлэх эрхийг хязгаарлаж, хариуцлага оногдуулсан” гэх агуулгатай гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн сонсогч нь гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн тусгай албанд ажиллахаар бэлтгэгдэж байгаа суралцагчийн хувьд харилцаа хандлага, ёс зүйн хувьд өндөр төлөвшсөн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн үйлдлийг үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн.
Иймд, “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн Амарыг сургуулиас хассан Дотоод хэргийн их сургуулийн захирлын шийдвэрийг хууль ёсны гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв, Амарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэрүүд:
Шийдвэрийн дугаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.09-ний өдрийн 128/ШШ2022/0356 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/9989?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн 221/МА2022/0410 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/5037?daterange=2022-01-01%20-%202022-10-05&id=2&court_cat=3&bb=1
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн