Япон улс.
Осака хот.
2022 он. 10. 15
Сэтгүүлч В. Сарантуяа
Уг нь удахгүй бичих тэмдэглэлдээ оруулъя гэж бодож байсан юм. Японд ирээд олон зүйлийг харж суралцаж явна. Хамгийн түрүүнд ажигласан нэг зүйл бол тэдний хүнтэй харилцах ёс зүй хэчнээн өндөр гэдгийг хэлмээр байна. Харилцаж байгаа хүн нь өөрийнх нь хэлийг мэддэг байна уу, үгүй юу хамаагүй, ямар хувцас өмссөн зүүсэн нь ч сонирхолтой биш. Би хүүхдээ ахлах сургуульд оруулахаар очоод Японы төрийн алба хаагчдын ёс зүйг хараад манайхан ийм болоосой гэж бодсондоо бичиж байгаа юм шүү. Мэдээж энд олон Монголчууд хүүхдээ сургаж байгаа, тэд ч бас бичдэг байх.
Хүүхдээ сургуульд оруулахдаа эхлээд эндэхийн сургуулиудыг судалсан. Гэртэйгээ ойрхон, боломжийн сургалттай гээд эцэг эхчүүдийн боддог л зүйл. Тэгээд бид манайхаар бол дүүргийн боловсролын газарт нь эхлээд очсон. Очихоосоо өмнө хэдэн өдрийн өмнө цаг авсан байх ёстой байдаг юм байна. Товлосон ёсоороо очиход биднийг шавилхан залуу хүлээж аваад өрөөнд оруулж мэдээлэл өгсөн. Энэ хооронд төрийн алба хаагчид ер нь ямаршуухан суудаг юм бол гэж хальт харахад томоо зааланд маш олуулаа, ширээн дээгүүр нь өрсөн бичиг цаас олонтой, хүн бүрийн суусан ширээ нь жижигхэн,тэндээ ойр зуурын хэрэглэх зүйлсээ овоолсон харагдсан. Хувцаслалтыг нь харвал, ихэнх нь эр, эм гэлтгүй цагаан цамц, хар өмд, юбка өмсөж.
Ажлын өрөөндөө бүгд тавчик өмсдөг аж. Эдний төрийн алба хаагчид ерөнхийдөө цагаан цамц, хар өмдийг ихэвчлэн сонгодог нь учиртай байж. Өглөө маш эрт ажилдаа гардаг учраас олон хувцастай ноцолдох шаардлагагүй, байнга өмсдөг хувцастай байлгадаг нь цагийг маш их хэмнэдэг байх нь. Бас төрийн алба хаагчид нь брэнд өмсөх дургүй, бусдаас илт ялгарах нь өөрсдийнх нь хувьд ичгэвтэртэй санагддаг гэсэн. Ялангуяа төрийн алба хаагч гэдгээрээ иргэдэд буруу хандлага үзүүлбэл ямар нэгэн том үүрэг хариуцлага үүрдэг болов уу. Яг ямар журам үйлчилдгийг мэдэхгүй байна, одоохондоо.
Ерөнхийдөө миний ойлгосноор бол япончуудын төрийн албаныхандаа тусгай дүрэм журам тогтоож, тэр нь хатуу үйлчилдэг юм шиг санагдсан. Жишээ нь манайд нэг төрийн алба хаагч нэг байгууллагад 20, 30 жил ажиллаж болдог бол энд тийм биш юм байна. Ялангуяа онцгой мэргэжилтэй гэгдэх шүүх, гааль, нисэх, цагдаагийн алба хаагчид нэг газарт дөрвөн жил ажиллах л ёстой. Тэгээд өөр газарт очно. Энэ нь ажилгүй болгож байгаа, хамт олноос нь тусгаарлалаа гэх ойлголт биш бөгөөд харин ч эсрэгээрээ гэсэн.
Нэг хүн, нэг байгууллагад олон жил болвол хувь хүн өөрөө хөгждөггүй, бие даах чадвар бага болдог ,албан тушаал эрх мэдлээ ашиглаж авлигад өртөх магадлал өндөр учраас Японы төрийн алба хаагчид бүх газарт хөрвөх чадвартай болгоход анхаардаг байна. Төрийн алба хаагчдын хүүхдүүд ч гэсэн аав ээж нь хаашаа явна, дагаад хамтдаа явна. Би эндээ үлдэнэ та нар яв энэ тэр гэсэн сонголтгүй юм билээ. Арван жилийн хүүхдүүд ч гэсэн ялгаагүй. Бид нэг ангид арван жил сурдаг бол энд арван жилийн хугацаанд тухайн хүүхэд дөрвөн удаа сургууль болон өөр ангид шилжин суралцдаг нь энгийн үзэгдэл.
Бага ангийнхны хувьд дунд анги хүртлээ ямар нэгэн хичээлийн даалгаварт баригдахгүй, хичээл дээр тоглож, хөгжилдөх, олон нийтийн арга хэмжээнд, энэ нь ихэнх нь спортын өдөрлөгүүд байдаг. Энэ өдөрлөгт бүх эцэг эхчүүд оролцох үүрэгтэй. Бага ангийн хүүхдүүд нь манай хэд шиг өглөө оройдоо ачааны тэмээ шиг зүүдэлтэй олон цүнх сав барих ч үүнийгээ зөвхөн өөрөө л барих ёстой. Хэрвээ аав ээжээрээ бариулбал ичгэвтэр байдалд орно гэж үздэг байна. Хүүхдийн сургуулийн ойр орчимд машин байхгүй. Багш нар нь ихэвчлэн дугуйгаар ажилдаа ирдэг, эмэгтэй багш нар нь элдэв дээдийн ээмэг бөгж зүүдэггүй, энгэр задгайлсан цамц, богино юбка өмсдөггүй юм байна. Эрэгтэй багш нар нь ихэвчлэн биеийн тамирын хувцас өмссөн байсан.
Манай хүүхдийн сургуулийн гурван багш биднийг үүдэнд хүндэтгэлтэйгээр хүлээж аваад сургуулийнхаа бүх зүйлийг танилцуулсан. Дараа нь хүүхдээ хичээлд нь оруулахаар очиход тус сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, гадаад хүүхдүүдийг хариуцсан багш, сургуулийн ерөнхий нягтлан гээд манайхаар бол бүх удирдах шатны хүмүүс хүлээж авсан. Тэд бүгд өөр өөрсдийнхөө хийдэг ажлаа тайлбарласан. Би ч яахав монгол зангаараа хамгийн түрүүнд санаа зовдог нэг асуултаа асуув. Танай сургуульд гадаад хүүхдийг ялгаварлан гадуурхах ч юм уу, янз бүрийн зүйл гардаг болов уу гэхэд, сургуулийн хичээлийн эрхлэгч залуу, Таныг ингэж асуусанд талархлаа, гэхдээ ийм ойлголт өгсөн бол уучлаарай.
Ер нь бол хүүхдийн ертөнц өөр байдаг учраас ийм зүйл гардаггүй гэж хэлэхгүй. Тиймээс бид гадаад хүүхдүүдийг тусад нь хариуцсан багштай учраас та үүнд битгий санаа зовоорой, бид байнга хараа хяналттай ажилладаг гэсэн. Энэ үг нь надад үнэхээр таалагдсан. Гол нь үнэнээ хэлж байгаад нь. Манайхан бол өө тийм юм байхгүй , хүүхдүүд аль муудалцахыг тэр гэх юм гэдэг ойлголт энд байдаггүй юм байна. Биднийг үдэж өгөхдөө хүүхдээ манай сургуульд оруулсанд маш их баярлалаа гэснээр бидний зорьсон ажил бүтсэн. Өөр нэг зүйл бол эдний хүчний байгууллагынхан маш даруухан хувцасладаг. Би Монголоос ирээд Наритагаас ачаагаа авах гээд хүлээж байсан чинь нэг жижигхэн хөөрхөн нохойг нэг эмэгтэй тэвэрсэн байсан юм.
Яг хажууд байгаад л байсан.Тэгээд гараад бидний онгоцонд ийм хөөрхөн нохой хамт ирсэн юм байх даа. Ээж рүү нь байн байн ноцоод байсан гэсэн чинь, охин маань ээжээ, тэр чинь гаалын ажилтан нохойгоо үнэрлүүлээд байсан гээд зөндөө инээлдсэн. Энэ нь нэг талаараа бусдад сүр хүчээ үзүүлдэггүй гэдгээ л давхар харуулаад байх шиг. Манай төрийн алба хаагчид ялангуяа тусгай хүчнийхэн андашгүй байдаг биз дээ. Энд аль болох төрийн нэр барихаасаа илүү иргэндээ, хүндээ хүрсэн үйлчилгээ хэн бүхэнд хүрдэг учраас хөгжлийн гол нууц нь ёс зүй, хариуцлага, хөдөлмөр гуравт багтдаг болов уу гэж мөхөс би бодлоо.