Энэ жилийн нэгдүгээр сараас Хятадад цахилгаан ба хибрид машины худалдаа эрс унажээ. Оны эхний сард дөнгөж 5.6 мянган хибрид ба цахилгаан машин худалдагдсан байв. Хибрид хөдөлгүүртэй машины худалдаа 68 хувиар буурч хятадууд дөнгөж 4.9 мянган машин авсон бол цахилгаан машины худалдаа улам бага буюу 90 хувиар унаж, 704 машин зарагджээ. Тус улсын засаг захиргаа хөнгөлөлт үзүүлдэг машины жагсаалтаа багасгасан тул худалдаа буурсан гэж Хятадын авто аж үйлдвэрийн эвсэл дүгнэсэн хэмээн Reuters мэдээлжээ.
Хятадын Засгийн газар хибрид болон цахилгаан машин худалдан авахад үзүүлж байсан дэмжлэгээ жил тутмаар багасгахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу татаасыг 2020 онд бүрэн зогсоох гэнэ. Өнгөрсөн онд хөнгөлөлт үзүүлэх тээврийн хэрэгслийн жагсаалтад 2.1 мянган загвар багтаж байсан бол энэ жилийн нэгдүгээр сард жагсаалтын загварын тоо 185 болжээ. Өнгөрсөн онд цахилгаан ба хибрид машины худалдаа Хятадад 50 хувиар өсөн 507 мянган ширхэг болсон байлаа. Энэ жилийн эцсийн дүнгээр эрх баригчид нь худалдааг 700–800 мянга болно гэж байгаа бол авто үйлдвэрлэгч нар наад зах нь 700 мянган хибрид ба цахилгаан машиныг худалдана гэж тооцоолжээ.
М.ЭРДЭС