Нийслэлийн иргэдийн өмчилж буй гурав дахь орон сууцнаас татвар авдаг болох талаар хуульчилсан. Энэхүү заалт бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна.
Гэвч одоогоор уг хууль хэрэгжээгүй, иргэдээс татвар авч эхлээгүй байгаа аж. Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Тухайн хуулийг хэрэгжүүлэх журмыг баталж байж хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хувьд журам нь батлагдаагүй хүлээгдэж байгаа” гэсэн тайлбар өглөө.
Өөрөөр хэлбэл, хууль нь батлагдсан ч хэрхэн яаж хэрэгжүүлэх журам нь батлагдаагүй байгаа тул гурав дахь үл хөдлөхөөс авч эхлэх татварын асуудал хүлээгдэж байна.
2021 оны тайлангаар 3,200 орчим иргэн, хуулийн этгээд гурав дахь орон сууцны татвар төлөхөөр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль нь энэ оноос хэрэгжиж байгаа тул 2023 оны хоёрдугаар сарын 20-ны дотор иргэд тайлангаа гаргаж, хэчнээн хүн татвар төлөх нь илүү тодорхой болно гэдгийг холбогдох газраас мэдээллээ.
Үл хөдлөх эд хөрөнгөд 0.6-2 хувиар албан татвар ногдуулах хуулийн заалттай. Энэхүү хэмжээг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан тогтоох юм байна.
Тухайлбал, иргэн хоёр өрөө хоёр, нэг өрөө нэг орон сууц өмчилдөг байлаа гэхэд аль үл хөдлөх хөрөнгөөсөө татвар төлөхөө өөрөө сонгох боломжтой аж.
“Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” гэж хуульд заажээ.
Үргэлжлэлийг IKON.MN сайтаас уншина уу.
Эх сурвалж: Ikon.mn Т.Өлзийбаяр