Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2022 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 30-ны өдөр болж дөрвөн гомдлыг хэлэлцлээ.
Нэг. Asu.mn сайтыг мэдээллээ нягтлаагүй гэж үзлээ
Сайтын “Цагаан хаданд буюу ‘Тайван зогсоол’ цогцолборын тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ” гэх гарчигтай мэдээлэлд тухайн хэрэг болоогүй газрын нэр, зургийг ашигласан гэх гомдлыг Түгээмэл түмэн хишиг ХХК-аас ирүүлсэн. Ингэхдээ цагдаагийн байгууллагаас тодруулан хэрэг болсон газар “Тайван зогсоол” гэх газраас 8км зайтай байсан талаар дурдсан. Хороо уг гомдлыг хэлэлцээд мэдээллийн агуулгад дурдсан хэрэг болсон гэх газар нь гарчигт дурдсан газраас өөр байгааг нягтлаагүй, санамсаргүй алдаа гаргасан, мэдээллийн үнэн бодит байдлын талаар аль ч түвшний эх сурвалжаас тодруулаагүй, эх сурвалжийн түвшин хангалтгүй, хэрэг болоогүй газрын зургийг ашигласан нь уншигчдыг төөрөгдүүлсэн хэмээн үзэж редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3, 1.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.
Хоёр. Neguun.mn сайт ёс зүйн алдаа гаргасан
Редакцын шууд дамжуулсан “О.Шинэбаяр: Ээжүүдийн асуудал шийдэгдэхгүй байна” гэх гарчигтай мэдээлэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гомдол ирүүлсэн. Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд хэт нэг талыг барьж мэдээлсэн, тухайн асуудлыг мэддэг, шийдэх эрх бүхий ажилтан, албан тушаалтантай уулзаагүй, агентлагаас биш дүүрэг эсвэл нийслэлийн ГБХЗХГ-аас юмуу тухайн иргэдийн харьяалагддаг хорооны нийгмийн ажилтан зэрэг тухайн асуудалтай тулж ажилладаг мэргэжилтнүүдээс асуудлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн учраас эх сурвалжаа буруу сонгосон, эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангаагүй, эх сурвалжийн түвшин хангалтгүй хэмээн үзсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн, 1, 1.3 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэлээ.
Гурав. Сонжин групп ХХК-аас ирүүлсэн гомдол үндэслэлтэй
Neguun.mn сайт “Сүнжин грандын нууц караоке” гэх гарчиг бүхий шууд дамжуулалтыг хүргэх үедээ хууль бусаар дайран орсон, үйлчлүүлэгчдийг доромжилсон, жуулчдыг биеэ үнэлэгч авсан мэтээр байцаасан, нүүр царайг нь олон нийтэд ил тод харуулсан, хөтөч хийж байсан эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч мэтээр гүтгэн доромжилсон, насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлдэг хэмээн өөрсдийн сэтгэл хөдлөлөөр бизнесийн нэр хүндэд ноцтой халдаж гүтгэсэн хэмээн Сонжин групп ХХК-аас гомдол ирүүлсэн. Хороо уг гомдлыг хэлэлцээд редакц шууд дамжуулалтын үеэр нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн ч гадаад эрчүүдтэй хамт байсан эмэгтэйг биеэ үнэлж байсан эсэхийг нягтлалгүйгээр биеэ үнэлсэн, өөр ажил хийх боломжтой байсан уу зэргээр хүний эрхийн мэдрэмжгүйгээр байцаасан, зарим үед биеэ үнэлсэн нь баталгаатай нотлогдсон мэтээр мэдээлсэн, караокед байсан эмэгтэйг биеэ үнэлэх гэмт хэрэгт буруутган шууд тулгасан асуултууд тавьсан. Тухайн хүн сэтгэл санааны дарамтад орж, хариу тайлбар хэлэх боломжгүй нөхцөл байдалд оруулсанаа анхаарч үзээгүй, шууд дамжуулалтын үеэр баталгаатай эх сурвалж байгаагүй /иргэнээс ирсэн мэдээллийн дагуу явж байгаа гэсэн хэдий ч караокегоор үйлчлүүлж байгаа иргэдээс өөр эх сурвалж ашиглаагүй/ гэж үзсэн. Иймд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.6, 2.2, 4.2 заалтуудыг зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ.
Дөрөв. Редакцын тайлбартай танилцах нь зүйтэй хэмээн үзэж гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулав
Өнгөрсөн наймдугаар сард улс төрийн томоохон нэг хүчний эзэмшигч нь БНХАУ хэмээн бүртгэгдсэн байна гэсэн мэдээллүүд гарсан. Тэдгээрийн нэгд нэр нь дурдагдсан байгууллагаас редакцыг алдаатай мэдээллийг нягтлалгүйгээр ашигласан, мэдээлэл үнэн эсэхийг тухайн байгууллагаас албан бичиг, захидал, утас, зурвас, цахим шуудан зэргийн аль ч хэлбэрээр тодруулаагүй, мэдээллээ авсан эх сурвалж нь алдаа гарсан байгааг тайлбарлаад байхад мэдээллээ залруулаагүй хэмээн ХМЗ-д гомдол ирүүлсэн. Редакц уг гомдолтой холбоотой хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд хороо гомдлыг хэлэлцэхэд редакцын тайлбартай танилцах нь зүйтэй гэж үзсэн тул дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлууллаа.