Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн төлөөлөл ураны талаар дараах байр суурийг илэрхийлэв.
Дорноговь аймгийн иргэн Д.Норсүрэн “2012-2013 онд манай 20 бяруу учир битүүлгээр хорогдсон. Мал олноор хорогдож байгаа нь ураны олборлолт хийсэнтэй холбоотой байх магадлалтай. Энэ талаарх судалгаа, баримт ч бий. Гэтэл орон нутгийн удирдлага, аймгийн ЗДТГ-аас тодорхой хариу хэлдэггүй. Эцсийн дүгнэлтийг дандаа зөвлөмж байдлаар гаргадаг.
Энэ хавар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажилласан. Тэд энэ чиглэлээр ажил хийж, дүгнэлт гаргасан байх. Ингэхдээ малчидтай тусгайлан уулзаж, ярилцаагүй. Сүүлдээ гэмт хэрэгтэн нь малчид болж, улс оронд хэрэгтэй төслийг явуулахгүй байна хэмээн шүүмжилж байна” гэлээ.
“Урангүй Монгол” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Хундаганаа “Зарим нь ураныг хоргүй гэж сурталчилж байна. Гэтэл 2012 оны илтгэл дээр мэргэжилтнүүд ураны хор хөнөөлийг тодорхой бичсэн байдаг. Тодруулбал,
Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй тухайн нэр бүхий компани нь ураны хайгуул хийхдээ хаягдал шаврыг харуул хамгаалалтгүй, ил задгай орхисноос мал амьтан цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч, малчин Д.Норсүрэнгийн 20 гаруй тугал үхэж хорогдсон гэдэг нь тогтоогдлоо хэмээн анхны дүгнэлт гарсан байдаг. Гэтэл өнөөдөр ураныг хоргүй гэж ярьж байна. Үүнээс хойш олон комисс газар дээр нь ирж ажилласан.
Атомын бөмбөг эсвэл цөмийн реактор дэлбэрсэн үед л үүсдэг бодисууд Улаанбадрах сумын нутагт илэрч байна. Уран хортой гэдэг нь үүгээр нотлогдож байна. Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж буй компанийнхан өөрсдөө дээрх судалгаа шинжилгээг хийж, улмаар ийм дүгнэлт гарсан байдаг. Ийм судалгаа гаргачхаад яаж хоргүй гэж хэлж байна вэ…
Тухайн компани нь Африкийн орнуудад 40 гаруй жил уран олборлож, тэндээ их хэмжээний гай гамшиг тарьсан байдаг. Улмаар Нигер улсад гурван жилд 14 сая гаруй хүн уранаас үүдэн нас барсан баримт бий. Тиймээс Монгол бол Африк биш гэдгийг онцлон хэлье” гэв.
Мөн үргэлжлүүлэн “Монголд туршилтын үйлдвэр байгуулаад 12 жил болж байна. Тэдний хэрэглэж буй уусган баяжуулах арга гэдэг нь газрын гүн рүү хүхрийн хүчил шахаад гүний усаар нь ураны хүдрийг олборлодог арга. Гүний ус руу нь хүхрийн хүчил шахахаар ямар болдгийг олон жишээ харуулдаг. Тэгвэл одоо Дорноговьд ийм аюул үүсээд байна. Мөн цацраг идэвхт бодис үүсэж, хагас задралаар гарсан гэдгийг шинжилгээний дүн харуулж байгаа юм.
Уран задрахаараа маш олон элемент болоод хажуудаа байгаа металлуудыг цацраг идэвхтэй болгодог.
Үүнд л хамгийн их аюул бий” хэмээн хэллээ.