Ebarimt сугалааны тохирол энэ сарын 12-нд буюу ирэх лхагва гарагт явагдана. Энэ оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа уншуулж 10-р сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдаарай.
НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн маань дөрөвхөн сарын дотор 50 хувиар буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх асуудал үүснэ. Одоо бид сугалааны системд шинэчлэл хийсэн. НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон.
Мөн одоо уншуулсан баримт болгон сугалааны тохиролд оролцоно. Олон баримт уншуулах тусам хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожилын сан нэмэгдэнэ” гэлээ.