Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс компанитай хамтран БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам Монгол Улсын кино урлагт тод мөр үлдээсэн шижир бүтээлүүдээс жил бүр нэгийг сонгон, наадмын өнгө төрхөө бүрдүүлдэг бөгөөд энэ жил нэрт найруулагч Бадрахын Сумхүүгийн 1975 онд бүтээсэн “Хань” уран сайхны кинонд хүндэтгэл үзүүлж байна.
Энэ жилийн кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсгийг нээх “Хань” бүтээл нь шинэ, хуучин үзэл бодлын зөрчил нэгэн гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг, хүний хань, эх хүний нинжин сэтгэлийг чадамгай харуулсан бүтээл юм. Б.Сумхүү найруулагч “Төөрсөөр төрөлдөө” (1966), “Моторын дуу” (1973), “Говь хянганд тулалдсан нь” (1981) зэрэг олон бүтээлээрээ үзэгч олны сэтгэлд хоногшиж, олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагнал хүртэж байжээ.