Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж байна.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж нэмэлт, өөрчлөлт орсон хэрэг хянан шийдвэрлэх хуулиудаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэг талд иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрх, нөгөө талд хяналтын шатны шүүхийн зарим чиг үүрэг, үйл ажиллагаанд аливаа шинэчлэлийн үр нөлөөгөөр бий болж байдаг шинэ тутам сорилтууд тулгарч байна. Үүнийг амжилттай даван туулах арга зам нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд суурилсан шинжлэх ухаанч хэлэлцүүлэг, хуулийг зөв ойлгож хэрэглэх, тайлбарлах нэгдмэл ойлголттой байх явдал юм.
Шинээр батлагдсан эрх зүйн хэм хэмжээг нэгдмэл байдлаар ойлгож, тайлбарлах нь хууль хэрэглээний асуудал. Хууль шүүхийн практикаар шалгагдах хүртэл үр дүнг нь баттай таамаглах боломжгүй учир нэг мөр, зөв хэрэглээ тогтооход цаг хугацаа зайлшгүй шаардлагатай. Манай улсын хувьд дэлхийн тэргүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлж чадсан улс орнуудаас туршлага судлах замаар зүй ёсоор шаардагдаж буй урт хугацааг товчилж, зэрэгцэн хөгжих бүрэн боломжтой. Учир нь шинэ тутам үүсэж буй сорилт нь дэлхийн эрх зүйн хөгжлийг түүчээлж буй улс орнуудад цаг хугацааны хувьд өмнө нь тулгарч, амжилттай шийдэгдсэн, сайн туршлага болсон нь цөөнгүй. Үндэсний онцлогийг илэрхийлж, ялгаатайгаар зохицуулах шаардлагатай нийгмийн харилцаа байх боловч хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг агуулсан, суурь шинжтэй асуудал болох шүүхэд хандах эрхийн хувьд эрх зүйч, хуульч, эрдэмтэн судлаачид, та бид хүний эрхийг дээдэлсэн, онол практикт үндэслэсэн шат, шатны шүүхийн чиг үүргийг шүүхийн тогтолцоонд зөв хуваарилсан, харьцуулсан судалгаанд суурилсан чиг хандлагыг ухамсар болгож тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, шүүхэд хандах эрх болон давж заалдах эрх, үүнтэй зэрэгцээд шат шатны шүүхийн чиг үүрэг, ялгаа, тэдгээрийн мөн чанар, онцлогийг тодруулан судлахад энэхүү хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Мөн “Дэлхий дахинд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлыг хянаж үздэг онолын, хэргийн үйл баримт үр дагаврыг хууль хэрэглээтэй нь давхар хянадаг хосолмол загвар оршсоор байна. Хяналтын журмаар шийдвэрлэж буй хэргийн хууль хэрэглээний үндэслэл нь зөвхөн тэр хэргээс гадна ижил төстэй, өөр бусад хэрэгт хууль хэрэглээний жишиг болохуйц судалгаанд суурилсан байх нь зайлшгүй. Улсын дээд шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн ажлын арга барил, хандлага, зохион байгуулалт зэрэгт өөрчлөлт, шинэчлэл хийхийг зорьж, хэрэгжүүлж эхэлсэн. Арав гаруй жил зогссон хууль тайлбарлах ажил шүүхийн шинэчлэлийн үр дүнд гацаанаас гарсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх хэсэгт Улсын дээд шүүх шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар зохицуулсан. Тиймээс Улсын дээд шүүх зөвхөн шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тайлбарлах ажлыг гүйцэтгэх болно” гэж онцлов.
Олон улсын эрдэм шинжилгээний уг хуралд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мэтью Ференс нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
“Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо дахь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь”, ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Петер Казинске “ХБНГУ дахь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалт”, АНУ-ын Давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүхийн шүүгч Жэймс Винн “АНУ-ын шүүхийн хяналт”, Сингапур улсын Дээд шүүхийн давж заалдах хэлтэс болон Давж заалдах шүүхийн хэрэг бүртгэгчийн орлогч, дүүргийн шүүгч Колин Сиү “Сингапурын дээд шүүхэд давж заалдах процесс, шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Мөн Хууль зүйн доктор Б.Буянхишиг “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Улсын дээд шүүхийн чиг үүрэг”, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судлаач С.Бат-Орших “Монгол Улс дахь шүүхийн жишиг” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн шүүгчид, Улсын Их Хурлын зарим гишүүн, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон ХБНГУ, АНУ, Сингапур улсын шүүхийн шүүгчид, эрдэмтэн, судлаачид оролцлоо.