2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж, 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн.
Хөрөнгө оруулалтаар аймгууд 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Тэгвэл энэ хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн хамтарсан есөн хүний бүрэлдэхүүнтэй “Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 10-р сарын 5-8-ны өдрүүдэд ажиллаж байна.
Хамтарсан баг нь ангиографийн оношилгоо, эмчилгээний сургалтыг орон нутгийн эмч нарт ажлын байран дээр зохион байгуулж, амбулаториор ирсэн үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллах юм.
Энэ үеэр Хэнтий аймгийн 30 орчим иргэнд зүрх, мэдрэлийн ангиографийн оношилгоог хийх бөгөөд зургаан иргэнд хэвлийн хөндий түүн дотроо элэгний хорт хавдрын үеийн ангиографийн эмчилгээг орон нутагт нь хийхээр төлөвлөөд байна.
Ташрамд дурдахад 2022 онд ЭМЯ-наас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн хангалтад 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.