[starbox]
Герман улс алгуурхан, нэгэн жигд, ямар нэгэн дуулиан шуугиангүйгээр бундестагийн сонгуульдаа бэлтгэж байна. Энэ бол Европ тивийн хамгийн хүчирхэг эдийн засгийн бодлого, Европын холбооны бодлогыг бүхэлд нь дөрвөн жилийн турш тодорхойлох сонгууль юм. Ээлжит сонгуульд Ангела Меркель ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Гэвч зарчмын хувьд санал хураалтын дүнгээр хэн нэг, хоёрдугаар байрт орох нь бус, германчууд жижиг намуудад хэр санал өгөх бол гэдэг нь сонирхол татаж байгаа аж.
“Bild”сонины захиалгаар Германы шинэ нийгмийн хариултуудын хүрээлэнгээс долоо хоног бүр явуулдаг судалгааны өнгөрсөн бямба гарагийн судалгаагаар ирэх есдүгээр сарын сонгуульд одоогийн эрх баригч нам парламентад ялах нь гарцаагүй байна.
Өнгөрсөн хавар Германы хоёр том улс төрийн хүчин болох консерваторууд, социалистуудын ялах магадлал эн тэнцүү байсан бол одоо Христийн Ардчилсан холбоо/Христийн социалист холбооны нэр хүндГерманы Социал демократ намынхаас хоёр дахин илүү байна. Хэрэв зээ өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд сонгууль болсон бол Ангела Меркелийн нам 40 орчим хувийн санал авч, социал демократ Мартин Шульц 25 хувийг авах байв.
Ийм хувьтай нөхцөлд Германы улс төрийн хамгийн том хоёр хүчин Засгийн газрыг дахиад л их эвсэл болж бүрдүүлнэ гэсэн үг. Энэ тохиолдолд санал хураалтын дүнгээр сайдын суудлаа хуваарилна. Харин Ангела Меркелийн нам 40 хувиас багахан илүү хувь авбал гол түншлэгч бус, илүү санал авсан бусад жижиг намтай эвсэх боломжтой болно.
Ерөнхийдөө Христийн ардчилсан холбоо болон түүний уламжлалт түнш болох Христийн социал холбооны нэр хүндтэй байдгийн нууц нь Ангела Меркелийн явуулж буй бодлого амжилттай байдагтай холбоотой. Гадаад бодлоготой тогтвортой байдаг канцлер өөрийн болон сөрөг хүчнийхнээс ямар нэгэн асуудал дагуулдаггүй. Мөн түүний олон улсын тавцанд гаргаж буй асуудлууд Германы ашиг сонирхолд бүрэн нийцдэгийнх биз ээ.
Харин канцлерын дотоод бодлого илүү их маргаан дагуулдаг. 2015-2016 оны цагаачдын урсгал, хямралын дараа Меркелийн нэр хүнд уугуул иргэдийнхээ дунд нэлээд унасан. Гэвч тэр таагүй үеийг засч, сонгогчдынхоо шинэ итгэлийг хүлээж чадсан билээ. Энэ тухай Орос дахь Европын мэдээллийн төвийн захирал Николай Топорнин “Меркель бол ялах магадлал хамгийн өндөр өрсөлдөгч. Шульцаас ялгаатай нь түүнийг улс орон дотроо ч, хилийн чанадад ч бүгд мэднэ. Энэ бол санал цуглуулах маш том давуу тал. Германы ард түмэн Меркелийн улс төрийн бодлогыг мэдэх болохоор тэдэнд тогтвортой, тайван мэдрэмж төрнө” хэмээжээ.
Тэгвэл Социал демократ намаас канцлерт дэвшиж буй, Евро парламентын дарга асан Мартин Шульц сонгуулиа аянаа “ард түмнээс гаралтай” гэсэн зарчмаар явуулж байна. Улстөрч эр амьдралынхаа ихэнх хугацааг ном зарж өнгөрүүлсэн юм. Түүний хувьд Германы Социал демократ намынхаа үзэл суртлын гол багана болох ямар нэгэн эрс өөрчлөлт хийхгүй гэсэн зарчмыг баримталж байна. Тухайлбал, Шульцын мөрийн хөтөлбөр Германы эдийн засгийг цаашид хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хүн амын ядуу хэсэгт нийгмийн дэмжлэг үзүүлэх зэрэг тусгагджээ. “Гэхдээ Меркельд сонгогчид болон ойрын хүмүүс нь сэтгэл дундуур болсон нөхцөлд л тэр ялах магадлалтай” хэмээн Топорнин ярьж байна.
…ARD медиа компаниас саяхан явуулсан судалгаагаар ХБНГУ-ын канцлерыг цагаачлалын хямралаас өмнө хэчнээн хүн дэмжиж байсан, төдий тооны сонгогчид дэмжиж байгаа нь гарчээ. Санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Меркелийн хийсэн ажилд сэтгэл хангалуун байгаа юм байна…
Оросын Шинжлэх ухааны академийн Герман судлалын төвийн тэргүүн Владислав Беловын хэлж буйгаар одоогийн байдлаар Шульц сонгуульд ялалт байгуулах магадлал огт үгүй байна. Гэхдээ гэнэтийн зүйл үргэлж тохиодгийг судлаач сануулжээ. Тухайлбал, сонгууль явуулах үед алан хядах ажиллагаа болбол Меркелийн рейтинг ганхана. Ойрын үед Меркель, Шульцын үйл ажиллагаанд огцом өөрчлөлт ажиглагдахгүй гэж Белов тэмдэглэжээ.
Жижгүүд яах вэ?
Хэрвээ том намуудын байр суурь ийнхүү хөдөлшгүй байх юм бол жижгүүдийн дунд нэлээд тэмцэл өрнөх нь ойлгомжтой. Тус сонгуульд Христийн ардчилсан холбоо, Германы социал демократ намаас гадна “Зүүнийхэн”, “Ногоотнууд”, Чөлөөт ардчилсан намын либералууд, Германы альтернативуудын шинэ радикалууд гээд дөрвөн нам өрсөлдөж буй юм. Тэд хамтдаа нийт саналын 35 хувийн төлөө тэмцэлдэж буй гэсэн үг. Энэ нь социал демократуудын оролцоогүйгээр бага эвслийг бүрдүүлэх боломж бүрдүүлэх магадлал өндөр юм. Тиймээс бундестагт жижгүүд суудлаа хэрхэн хуваарилснаас Герман нийгэм тогтвортой байх эсэх нь шийдэгдэнэ.
Катя Киппинг, Бернд Риксингер тэргүүтэй “Зүүнийхэн” ерөнхийдөө хуучин БНАГУ-ын уугуулууд дээр төвлөрч байна. Тус нам 2013 оны сонгуулиар 8.6 хувийн санал авч, бундестагийн 630 суудлаас 64-ийг нь авч, гуравдугаарт бичигдсэн билээ. Огт эвсэлд орж байгаагүй.
Зүүнийхэн Германы социал демократ нам, Ногоотнуудтай хамт цэргийн төсвийг нэмэгдүүлэхийг эсэргүүцдэг. Харин барууны намууд 2024 он гэхэд батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий хоёр хувьд хүргэх бодлого баримталдаг.
Ногоонтнууд бол дайны дараах Германы эсэргүүцлийн хөдөлгөөний нэг юм. Тус нам ЛГБТ-ийн эрхийг хамгаалах, цөмийн эрчим хүчнээс улсаа татгалзуулах, үүгээрээ дамжуулан зэвсэглэлийн уралдаанд оролцохоос татгалзахыг уриалдаг. Намын үндсэн сонгогчид нь Германы баруун хэсэгт орших томоохон хотуудын оршин суугчид. 2013 онд ногоонтнууд 8.4 хувийн санал авч, бундестагт 63 суудал эзэлсэн билээ. Тэд энэ удаагийн сонгуульд Германы дотоод асуудалд нэлээд анахарчээ. Тухайлбал, Германд төрсөн хүүхдүүдэд автоматаар Германы иргэншил олгох, олон улсын худалдаан тухай шударга гэрээ хийх замаар цагаачлалын асуудлыг цэгцлэх зэргийг санал болгож байна.
Кристиан Линднер тэргүүтэй Чөлөөт ардчилсан нам 2013 оны сонгуульд таван хувийн босгод хүрээгүйгээс бол парламентад орж чадаагүй. Тэднийг сонгох магадлалтай сонгогчдын тоонд хувиараа бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид голдуу багтдаг. Энэ сонгуулиар тус нам үйлдвэрлэлийн татварыг бууруулах, Европын интеграцийг өргөжүүлэх, Евро бүсийн улс бүрийн хувийн хариуцлагыг хангах зэрэг багтжээ. Гэхдээ тус намынхан сонгогчдын 10 хувийн саналыг авах зорилгодоо хүрч чадвал гол асуудлуудаараа шаардлага тавих боломж бүрдэнэ.
Хамгийн сүүлд 2013 онд таван хувийн босгыг давж чадаагүй Германы альтернатив нам орж байна. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын дэмжиж байсан Германы цорын ганц улс төрийн хүчин билээ. Германы альтернатив бол Европын холбооны газар нутагт дүрвэгчдэд орогнол олгохыг идэвхтэй эсэргүүцдэг барууны популист нам юм. Тус намын төлөөлөгчид Германдаа лалын шашныг хориглох талаар нэг бус удаа дуугарч байсан удаатай. Энэ нам ирэх есдүгээр сард бундестагт цөөн суудал авах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Цагаачдын хямралын үеэр санал асуулга явуулахад Германы альтернатив сонгуульд гуравдугаар байр эзэлж, нөлөө бүхий сөрөг хүчний цөөнх болно гэж харуулж байв.
Юутай ч ирэх сард болох Германы парламентын сонгууль чимээ шуугиан, дуулиан багатай мэт боловч урьдчилан тааварлаж хэлэхийн аргагүй, уйтгартай бус болох магадлалтай байна.