Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлсэн.
Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой
Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын дуудлага өсөх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн.
Угаартсан айлуудад шалгалт хийхэд яндан хөөлөөгүй, битүүмжлэл алдсан, стандартын бус зууханд гал галлаж байна. Бороо, цас орсон өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаартах эрсдэл бий болдог. Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.
Манай Хэрэглэгчдэд үйлчлэх төв айлуудад ялгарч байгаа угаарын хийн мэдээллийг хянаж эхэлснээс хойш угаарын дуудлага 90 орчим хувь буурсан. Хяналтын дэлгэцэд хоногт 20-30 дуудлага ирж байна. Тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учир өнгөрсөн жилүүдийн угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байна” гэв.
Эх сурвалж: ОБЕГ