Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгаад байна.
Үүнд:
- Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
- Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
- Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд 6 хувийн ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.
Гэвч зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан ч арилжааны ихэнх банк зээл олголтыг хязгаарлаад байгаа. Тодруулбал, арилжааны банкууд урт хугацаатай зээл олголтыг өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлалттай олгож байна. Энэ сард ч мөн арилжааны банкууд зээл олгохгүй байгаа бөгөөд хэзээнээс хэвийн олгох нь одоогоор тодорхойгүй байна.
Эдийн засагчдын хэлж буйгаар иргэд банканд хадгаламж байршуулах нь багассан учраас зээл олголтын эх үүсвэр тасалдаж, зээл олгохгүй байхаас өөр сонголтгүй болсон талаар мэдээлж байна. Мөн Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоогоод байгаа ажээ.