Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийж байна.
Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний 900 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 30 орчим мянган хүн ажиллаж байна. Тэдний ар гэр үр хүүхэд гэж авч үзвэл 100 орчим мянган хүн болно.
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай салбар юм. Сүүлийн 2-3 жил салбарт хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байгаа. Зарим нэг үйлдвэр, цехийн үйл ажиллагаа доголдож, хааж байгаа. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл ихээр нөлөөлж байна.
Гурилан бүтээгдэхүүний салбарт ч мөн адил үнийн өсөлтийн асуудал давагдашгүй хүчин зүйл болоод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо” гэв.