Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг Тогтохын Цэмбэлийг та бүхэндээ танилцуулж байна.
Тогтохын Цэмбэл: 1944 онд Булган сумын Баянгол багийн Багир гэдэг газарт төржээ. Аав Тогтох захчин, ээж А.Дарьжав хошууд угсаатан, ээжийнх нь дүү Хошуудын Мэндээ гэж нагац эгч нь билэг авъяастай нэгэн байсан бөгөөд түүнээс бий бийлэг, шударга, товшуур хөгжмийн татлага, тоглох арга барилыг эзэмшин сурч өдгөө хүртэл өвлөн уламжилж, өөрийн авъяасаа хөгжүүлэхийн зэрэгцээ 460 гаруй шавь бэлтгэн гаргасан гавъяатан билээ.
Тэрээр уугуул Булган болон Дуут сумын клуб \ Соёлын төв\-т номын санчаар 1970-2000 он хүртэл 30-аад жил үр бүтээлтэй ажиллаж, урлаг уран сайхан, соёлын арга хэмжээнд байнга манлайлан оролцдог байсан бөгөөд 1991 онд “Монгол улсын соёлын тэргүүн” цол тэмдэг, 2018 онд төрийн дээд шагнал “Алтан гадас “одон, 2008 онд Монгол ардын язгуур урлагийн “Бий бийлэг” холбооноос зохион байгуулсан уламжлалт “Нандин өв” наадмаас “Тэргүүн биелээч” цол, өргөмжлөл, алтан медаль хүртсэн ба бэлтгэсэн шавь нарынхаа хамтаар амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн медалиар шагнагдсан.
2008, 2012, 2016 онд Торгуудын алдарт бийч Магсарын Пүрэвжалын нэрэмжит “Бий биелгээ”-ний наадмын алтан медаль, 2010, 2011 онд Ойрад Монголын ”Их Хөгсү” холбооны тэргүүн шагнал “Галдан бошигт хаан” медаль, 2010 онд Монгол үндэстэн ястны язгуур урлаг, бий биелгээний “Биеэр мэтгэсэн угалз” уралдаант наадамд шалгарсны учир бий биелэгээний “Шилдэг ая тоглогч”-оор өргөмжлөн алдаршуулсан байна.
Т.Цэмбэл нь сум орон нутгаа сурталчлах “Товшуурын дуутай Торгууд нутаг” \1999 он\, “Минжит Булган –Миний нутаг”\2003\, “Миний Монгол” \2007\, Торгууд, Захчин түмний дуулал” \2010\, “Далай их Торгууд нутаг” \2015\ зэрэг томоохон урлагийн тоглолт, “Наараан суутан”,”Торгууд күүндээн”, “Дөрвөн бэрх”, “Цайны зам,” Мөнгөлөг шагшуурга” зэрэг өв соёлын наадмын арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож ирсэн бөгөөд Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.