Намар хамгийн сайхан улирал. Хэн нэгнийг дурсан санагалзуулан, хэн нэгнийг баярлуулж, хэн нэгнийг уйлуул ч мэднэ. Харин энэ улирлын талаар яруу найрагч, зохиолч П.Батхуяг агсан /Гэгээн муза шагналт, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын зургаан удаагийн эзэн, МЗЭ-ийн шагналт, “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүн, хэл шинжлэлийн доктор, профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч, яруу найрагч/ Ergelt.mn сайтад ийнхүү дурсамжаа үлдээж байжээ.
Дөрвөн улирлаас хамгийн сэтгэлд ойр нь намар байдаг. Өөрөө энэ улиралд төрсөн болоод ч юм уу эсвэл санаа дагаад ч юм уу амьдралд минь баяртай тохиолдлууд мөн гунигтай зүйлс бүгд л намар болсон санагдах юм. Эцгийгээ, эмээгээ энэ улиралд алдсан. Багшийгаа ч энэ улиралд үдэж гаргасан. Намар заримдаа гуниг, ганцаардлын гэхээсээ илүү сэтгэл дэнслүүлсэн улирал байдаг. Ялангуяа монголчууд ингэж дөрвөн улирал солигдохтой адил сэтгэлийн хөдлөл ихэд баялаг байх магадлалтай юм. Би хувьдаа зөвхөн халууны, хүйтний улиралтай газруудын ард иргэд бидэн шиг ийм дотоод баялаггүй гэж боддог.
Энэ улиралд навч шарлаад л бүх амьдрал, хувь тавилан цаг хугацааны жамаараа ирж буцахыг таниулна гэдэг нь нэг талаараа байгалиас хүнд өгч байгаа маш том ухаарал, сургамж юм уу гэх мэт төсөөллүүд сэтгэлд буудаг. Олонх яруу найрагчдын хүчтэй төвлөрөл, онгодтой байсан цаг хугацаа нь намар. Угтаа байгаль нь уран бүтээлчийн сэтгэл зүйд ихэд нөлөөлснөөр бүтээн туурвихад ахиц гардаг болов уу. Уран бүтээлч гэлтгүй ямар ч хүн толгой дээгүүр нь шувууд ганганаад өнгөрөхөд буцах цагийн тухай, харихын тухай бодолд автдаг шүү дээ. Хүйтэн бороо, хөл дор гишгэгдэх навчис, цөмсөн самрын яс зэрэг нь намрын улирлыг юунаас ч илүүтэй таниулдаг. Би нэгэн удаа:
“Уйлаг алдсан усан бороотой
“Уйтгарт намар удахгүй ирнэ” гэж бичиж байсан юм. Навчнаас түрүүлээд магадгүй хүйтэн борооноос төрж буй мэдрэмж намрыг илүү дотно сануулдаг юм болов уу. Магадгүй тэрхүү борооноор би намрыг таниж байж ч магадгүй юм. Өөрийгөө их ажиглаад байхад намрын улиралд бусад улирлаасаа илүү хүнтэй бага ярьдаг санагдана. Бусдад нь би хүнтэй ярилцах, ярихыг сонсох дуртай байдаг ч энэ улиралд тийм биш. Ихэнх сайн зохиолуудаа намар болоод хаврын улиралд л бичжээ. Илүү сайн төвлөрөлтэй, хурдтай, хүчтэй байсан шиг. Өвөл бичих зохиолуудын санаа маань толгой дотор бүрэлдэж байх нь уг улиралд дуртай болгох шиг. Уран бүтээл талаасаа би олонхидоо яруу найраг, хүүрнэл зохиолыг бичдэг. Хүн төрөлхтөн нэг л хэвшмэл зүйл рүү яваад байдаг нь “Намар бол гунигийн улирал” гэж хэлсэн нэгнийг бусад нь даган дууриаж байгаатай ялгаагүй хэрэг.
Нэг талаараа үүнээс харвал бид нэгнийхээ мэдрэмжийн хүрээ дотор л амьдраад байж болзошгүй. Намар бусад улирлынхаа хэв шинжийг бүгдийг агуулж байгаа нь төгс ч юм шиг санагддаг. Ялангуяа энэ улиралд уран бүтээлч, яруу найрагч, зохиолчид бүтээлээ туурвихын тулд бэлтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Ийм цаг хугацаа жилд хэдхэн сарын хугацаатай ирж байхад нь өөрийн биеийн нүд, чих, ам, хамар гэх мэт бүхий л зүйлсээрээ мэдэрч байгаасай л гэж хүсдэг. Миний хувьд дурласан намар л хамгийн сайхан нь байжээ. Залуу байхад хайр дурлал илүү өртөмтгий байсан болов уу. Сайхан намрууд гэхээсээ илүү миний дурсамжинд гуниг, гансралтай намрууд л их олон байх шиг. 90-ээд оны нэгэн намар байсан санагдана. Эцгээсээ үүрд хагацсан намар юм л даа. Гэрийн гадаа майхан, сав босгоод л хүн бужигнаж, би хашааны захад түлээний булан дээр суугаад бодож байсан юм. Хүйтэрч эхэлж байсан үе байсан даа.
Би нэг ноосон цамцтай бага зэрэг чичрээд л, тийм үед хүн эхлээд эцгийнхээ араас дурсах биш маргаашийнхаа талаар боддог юм билээ. Тэр үедээ би чинь шууд л ирээдүйгээ алдчихсан юм шүү дээ. Маргааш яах вэ, маргаашид яаж амьд явах вэ л гэж бодож байлаа. Дараа нь л аавыгаа учиргүй ихээр үгүйлсэн санагдана. Түүнээс хойш би өдийг хүртэл шүд зууж, тэсвэр зааж ирсэн юм болов уу. Энэ зүйлүүдээс харахад намар гэдэг сайхан, муухай аль бүгд л хосолсон, хүнд сэтгэл хөдлөл, догдлолыг хамгийн ихээр бэлэглэсэн улирал байх.