Гэрийн даалгавар бол үзсэнээ бататгах, хүүхдийг үүрэг хариуцлагатай болгох, бие дааж сурах гэх мэт давуу тал ихтэй.
Гэрийн даалгавар хийлгэхдээ:
• Даалгавар хийхэд тохиромжтой өрөө буюу булан, ширээ бэлтгэж өгөх. Тэр хэсэгт нь тогтмол агааржуулалт хийнэ, гэрэлтүүлгийг анхаарна. Нуруунд тохирсон ширээ бэлтгэж өгнө. Хөлийн ул шаланд бүтэн гишгэх ёстойг анхаарах.
• Даалгавар хийхэд хэрэгтэй хэрэглэгдэхүүнийг хамтдаа бэлтгэх.
• Даалгавар хийж байх үед гэрт байгаа хэн бүхэн дэргэд нь зурагт үзэж, утсаа ухахгүй. Дор бүрнээ өөрсдийн хийх ёстой бичиг цаасны ажлаа хийж, ном унших нь уншиж үйлдлээр дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүүхэд, бид бүгд хамтдаа сурч байна, хүн бүхэн хичээл хийж байна гэсэн мэдрэмж, идэвх авдаг.
• Бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөлт дунджаар 15±5 минут байдаг тул даалгаварыг 15±5 минут хийлгээд 5 минут гарын дасгал хийлгэх, сонирхолтой зүйл ярих, ус уулгах, 00 орох гэх мэт дунд нь завсарлуулаарай. Заавал шүү. Ингэхээр сууж сурахгүй болно гэж эцэг эхчүүд эндүүрдэг. Харин ч нэг дор удаан суулгаснаар 15±5 минутаас хойшхи хугацаанд хүүхдийн тархи идэвхгүй ажиллаж, хичээл даалгавараас залхаж эхэлдэг.
• Хүүхдийг сургуульд орсноос хойш хичээл ихтэй хэмээн гэрийн ажлаас чөлөөлөх хандлага байдаг. Хүүхдэд ачаалал, насны онцлогт нь тохирсон гэрийн ажлыг хийлгэж байгаарай. Ингэснээр хүүхэд үүрэг, хариуцлагыг ухамсарлана, бие даах чадварт суралцана. Энэ нь цаашдаа даалгавараа санаачлагаараа, чанартай хийх дадалд нөлөөлдөг.
• Болж өгвөл даалгаварыг хэцүүгээс нь хийх нь зүгээр байдаг. Гэхдээ өөрөөс нь алийг нь түрүүлж хиймээр байгааг нь асуугаад даалгавар хийх хуваарь, дарааллыг гаргаарай.
• Даалгавар хийж байх үедээ алдаа гаргавал “дараагийнх дээрээ заавал хичээгээрэй”, “өө, одоо харин яг болж байна” гэх мэт урмаар дэмжиж туслах.
•Буруудсаны тоогоор уурлаж бухимдвал хүүхэд даалгавар хийхээс халширдаг болчихдог. Ганц ч болтугай гайгүй бичсэн үсэг, тоо, зурлагыг нь дэмжиж яг үүн шигээ хийхэд болж байна хэмээн урамшуулж БИ ЧАДНА гэдэг итгэлийг өгөх хэрэгтэй шүү. Алдсан дээр нь биш чадсан дээр нь төвлөрч зөв урамшуулах нь үр дүнтэй. “Мундаг байна” гэхээс илүүтэй “Энэ удаа илүү цэвэрхэн биччихлээ” гэх мэт..
•Даалгавараа хийвэл ийм амттан, тийм дуртай зүйлийг нь өгнө гэх мэт амлалт өгөх нь буруу.
• Хүүхдээ ах эгч, ангийнх нь найзтай өрсөлдүүлэхгүй, харьцуулахгүй байхыг сайн анхаарах. Өмнөхөөсөө сайжирч байгааг нь, хүүхдийн өөрийн онцлогийг анзаарч бодитоор үзүүлж урам өгөөрэй.
Эх сурвалж: Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв “Хөөрхөн Шар Шувуу” Г. Төмөрзаяа