УИХ-ын дарга Г.Занданшатар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг буцаалаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2022.09.27/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө танилцуулах үүрэг чиглэлийг Монгол банкны удирдлагуудад өгч буцаалаа” гэв.
Буцаагдаад буй төсөлд 2023 оны эцэст инфляцыг нэг оронтой тоонд хүрнэ гэж тооцсон байгаа юм.
Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй цаг үед боловсруулагдлаа. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлснээ тодотгосон байсан юм.