Төвбанкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилтыг ирэх жилээс олгохгүй болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Тэрээр “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк 2013 онд эхлүүлснээсээ хойш одоог хүртэл хэрэгжүүлж байна. 2017 онд манай улс ОУВС-ийн хөтөлбөрт орсон. Тухайн үед ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөр нь нийгмийн шинжтэй байна. Энд мөнгөний бодлоготой холбоотой бодлого хэрэгжихгүй байгаа учир Төвбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бай ёстой гэх шаардлагыг тавьж байсан.
Гэвч улс болгонд байдаг, төрийн аль нэг субъект хэрэгжүүлж байх ёстой хөтөлбөр учир өнөөдрийг хүртэл шилжүүлж чадахгүй явж байна. 2018 онд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт орсноор 2020 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Төвбанкнаас шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахал гарч үүнтэй холбогдох хууль гарснаар ипотекийн зээлийн хөтөлбөр сунгагдаад явж байгаа. Харин энэ оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр Ковидын хууль дуусгавар болж байгаа. Үүнтэй холбогдуулан Төвбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох хууль эрх зүйн орчин үгүй болж байна.” гэв.