Мэргэжлийн сумо бөхийн Намрын тэмцээн / Аки башё 2022.09.11-25/ Токио хотноо ням гарагт өндөрлөж, Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ 13 даваатай түрүүлэн, 37 нас 10 сартай Японы Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртэв.
Тамаваши ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгнямын 37 нас 8 сартай түрүүлсэн амжилтыг давж, Шёовагаас хойш түрүүлсэн хамгийн ахмад бөхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Японы мэргэжлийн сумо бөхөд элссэн орсон цагаасаа хойш нэг ч өдөр өнжөөгүй Тамаваши Б.Мөнх-Оргил монгол эр хүний тэсвэр тэвчээрийг харуулан сумо бөхийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн байна.
Энэ удаагийн Аки башё том цолтуудын хувьд тун ч халгаатай тэмцээн болсон бөгөөд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас /5-5-5/ тэмцээнийг дундаас нь орхисон юм. Харин сумо бөхийн өнөө цагийн 3 арслан /Озэки/-гийн 2 нь сумо бөх дэмжигчдийнхээ урмыг хугалсан бол Озэки Такакэйшёо 10 давж, нэр төрөө хамгааллаа.
Энэ башёд Митакэүми дөрөвхөн даваатай, Озэки цолоо алдсан бөгөөд дараагийн башёд 10 давбал цолоо эргүүлэн авах юм. Мөн 4 даваа, 11 унаатай Озэки Шодай ирэх 11 дүгээр сарын тэмцээнд 5 дахь удаагаа кадобан болно.
Өнгөрсөн долдугаар сарын башёд аварга болж түрүүлсэн Комүсүби Ичиножёо А.Ичинноров энэ башёд 6 даваа 9 унаатай тэмцээнээ дуусгасан бол Сэкиваке Хоошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн нар тус башёд 50 хувийн амжилтаа тус тус үзүүлж чадлаа.
Мөн Чиёошома Г.Мөнхсайхан энэ башёд амжилттай сайн барилдаж 9 даваа, 6 унаатай башёг дуусгасан бол Макүүчид дэвшин барилдсан Миторюү Б.Төрболд /М-16/ 5 даваа, 10 унаатай өндөрлүүлснээр дараагийн башёд Жүрёо зиндаанд хүч үзэхээр болов.
Намрын башёгийн Жюүрёо зиндаанд хүчээ сорьсон монгол бөхчүүдийн хувьд Барууны 2-оос босч барилдсан Азүмарюү С.Тодбилэг 9 даваа 6 унаатай, Б-8 Дайшёохо Ч.Шижирбаяр 7 даваа 8 унаатай, Зүүний 9-өөс хүч үзсэн Хокүсэйхо Э.Даваанинж 9 даваа 6 унаатай, З-13 Оошёоүма П.Дэлгэрбаяр 8 даваа, 7 унаатай Аки башёг өндөрлүүлэв.
Макүшита-д Б-9 Тамашёохо Э.Энхманлай 2 даваа, 5 унаа, Б-12 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4, Б-17 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-2, З-34 Араүма Б.Төртогтох 3-4, Б-48 Саданохикари Д.Наранцогт 2-5, З-49 Токисоүма Б.Анхбаяр 3-4, Б-55 Хокүтомарү Н.Чинзориг 5-2 гэсэн даваа, унаатай башёг дуусгасан бол Санданмэ-д барилдсан З-49 Котокэнрюү Г.Билгүүн 5 даваа, 2 унаатай өндөрлүүлсэн байна.
Ташрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сумо бөхийн 2019 оны нэгдүгээр сарын тэмцээн Хацү башёд Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатай анх удаагаа түрүүлж байсан. Тухайн үед түрүүлэх магадлалтай Их аварга Хакүхо М.Даваажаргал башёгийн 12 дахь өдөр Тамавашид унаснаар тэдний даваа, унаа тэнцсэн юм. Харин Их аварга Хакүхо 13 дахь өдөр Такакейшод өвдөг шороодож, сүүлийн 2 өдөр дэвжээнд гаралгүй өнжиж Тамавашид түрүүлэх боломж гарсан билээ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд өвдөг шороодолгүй, гарамгай барилдаан үзүүлж Дээд зиндаанд ийнхүү түрүүлсэн бөгөөд Японы эзэн хааны цом гардан авахын өмнөхөн эхнэр нь амаржиж хүү төрүүлсэн нь Тамавашигийн хувьд давхар баяр болж байлаа. Тэр энэ башёгийн шилдэг 3 шагналын гарамгай бөхийн шагнал, канто шо буюу дайчин барилдааны шагналыг хослуулан хүртэж байсан юм.
MONTSAME