Малайзын ГХЯ Куала-Лумпурт суугаа Хойд Солонгосын Элчин сайд Кан Чолыг өөрийн улсаас хөөлөө. Малайзын ГХЯ өчигдөр орой (2017.03.04) мэдэгдэл хийхдээ “Кан Чол ирэх даваа гаригийн оройн 18:00 цаг гэхэд манай улсаас гарсан байх ёстой” гэжээ. Түүнийг дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу түүнийг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж үзэн хөөж байгаа аж.
Элчин сайд Кан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбоотой хэргийг Малайз дангаараа мөрдөн шалгаж байгааг шүүмжилж “Малайзын Засгийн газарт нуух зүйл байна. Умард солонгосчуудыг төөрөгдүүлж, бидэнд хэрэг тохохыг оролдож байна” гэсэн байна. Малайзын албаны хүмүүс Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Кан Чолыг албан бичгээр уучлалт гуйхыг шаардсан гэнэ.
Мөн Малайзын тал манай улс орныг доромжилж, улс орны нэр хүндэд сэв суулгах гэсэн аливаа оролдлогыг бид хэзээд эрс эсэргүүцэж, хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. Малайз бол Умард Солонгостой найрсаг харилцаатай цөөн хэдэн улсын нэг. Ким Жөн Намын үхлээс хойш тус хоёр улс хоорондын харилцаа муудаж, хурцадсаар байна. Малайз Улс өнгөрсөн сарын 20-нд Умард Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татсан. Мөн энэ долоо хоногийн даваа гарагаас Умард солонгосчуудыг Малайзад визгүй зорчуулахаа зогсоолоо.