Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандесийг Нью Йорк хотноо хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэл, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж бололцооны талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын зүгээс АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах, Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээ, Монгол-Америкийн Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Х.Фернандес Монгол, Америкийн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэх, чингэхдээ АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов.
Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Жефри Р.Паят болон Монголын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Ламберт нар байлцав.