Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарласан. Дайчилгаа зарлагдсанаас хойш Оросоос гарах нэг талын нислэгийн үнэ огцом өсөж, маш хурдан зарагдаж эхэлсэн бөгөөд манай улс руу зорчих хөдөлгөөн ихсэж буй гэсэн мэдээлэл бий. Тус асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас зарим зүйлсийг тодрууллаа. Х.Нямбаатар:
-Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд оочирлож байгаа машины тоо 60 орчим машин байна гэдэг мэдээлэлтэй байгаа. Өчигдөр, өнөөдрийн хувьд тодорхой хэмжээнд онгол тал руу зорчих хөдөлгөөн ихэссэн ийм дүн мэдээтэй байгаа.
Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй.
Нийгмийн сүлжээнд янз бүрийн таамаглалууд явж байгаа. Өчигдөр бид хуралдаж, энэ талын мэдээллүүдийг тодруулж үзэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч цэрэг татлагыг нэмэгдүүлэх чиглэлээр зарлиг гаргасан гэдэг мэдээллүүд авсан. Одоогоор манай улсад байгаа гадаад иргэдийн тоо 17 мянгаас 18 мянган байна.
Яг тэр Үндэсний аюулгүй байдлын баримт бичгүүдэд заасан хувь хэмжээнд хүрэх болоогүй байгаа. Надаар цэрэг татлагаас дүрвэж орж ирж байна гэдэг үг хэлүүлэх гэж байгаа бол би хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тэр тухайн улсын дотоод хэрэгт бид хөндлөнгөөс дүн шинжилгээ хийх эрх байхгүй.
Хоёрт, гадаад паспорт нь зөрчилгүй, бичиг баримт нь зөрчилгүй, Монгол улс руу хувийн хэргээр зорчих гэж байгаа иргэдийг хориглох, хязгаарлах эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй.