Дэлхийн агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, чанар болон аюулгүй ажиллагаа, агаарын аялалын санал гомдлыг нэгтгэдэг, нислэгийн хэрэглэгчдийн хамгийн чухал түнш “Skytrax” вэбсайт жил бүр хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулж, дэлхийн хамгийн нэр хүндтэй Олон улсын нисэх буудлыг шалгаруулдаг.
Дунджаар 105 орны 14 сая хэрэглэгчийн сэтгэгдэлд тулгуурлан гаргадаг рейтингд 2017 онд 550 гаруй нисэх буудал хамрагджээ. Барилга байгууламжийн тав тух, ариун цэврийн өрөө, онгоцны буудлын ажилтнуудын хэлний ур чадвар зэрэг агаарын тээврийн үйлчилгээний 39 төрөл, гүйцэтгэлийг хамруулан явуулсан санал асуулгыг Сингапурын “Changi International Airport” тэргүүлжээ.
“Changi International аirport” нь Сингапурын нийслэлийн эдийн засгийг хөдөлгөдөг томоохон төв юм. Энэ нь тус нисэх буудлын анхны амжилт биш. “Skytrax World’s” шагналыг тус аэропорт тав дахь жилдээ хүлээн авчээ.
“Skytrax”-ийн нэрлэсэн ТОП-15 нисэх буудал:
- Копенгагены Олон улсын нисэх буудал (CPH)
Өнгөрсөн онд рейтингээрээ 18-д бичигдэж байсан Копенгагены нисэх буудал 2017 оны жагсаалтаар ТОП-15 руу орж ирсэн байна. Скандинавын орнуудын агаарын тээвэрлэгчид болон Норвегийн агаарын тээврийн тасалбар борлуулалтын гол цэг болох хойд Европын энэ нисэх буудлыг агаарын тээврийн зах зээлийнхэн хамгийн ачаалал ихтэй, хэцүү төвийн нэг гэдэг.
Нисэх буудал жилд 26.6 сая зорчигч хүлээн авдаг. “Skytrax”-ын санал асуулгад оролцогчид энэ нисэх буудлыг гайхалтай сайн зохион байгуулалттай хэмээн үнэлжээ.
- “Нарита” Олон улсын нисэх буудал (NRT)
Тус нисэх буудал өмнөх жилийн рейтингээр 11-т жагссан. Жилд 39.1 сая зорчигч хүлээн авдаг Токиогийн анхны Олон улсын нисэх буудал болох “Нарита” Японы нийслэлээс гадна 35 км-ын зайд орших Нарита хотоос ирж очих олон улсын хөдөлгөөнийг зохицуулдаг. ANA, Japan Airlines, Delta, United зэрэг тус улсын томоохон агаарын тээвэрлэгчид төвлөрдөг нисэх онгоцны томоохон төв юм.
“Skytrax”-ын санал асуулгад оролцогчид “Нарита”-г зорчигчдод ээлтэй, ажиллагсад нь найрсаг, орчин нь цэвэр цэмцгэр, хоолны сонголт сайн, хоололтын дэглэмд ээлтэй хэмээн сайшаажээ.
- Ванкуверын Олон улсын нисэх буудал (YVR)
Өмнөх жилд рейтингийн 14-т бичигдсэн Ванкуверын Олон улсын нисэх буудал энэ удаа ТОП-15 жагсаалтын 13 руу орж ирсэн байна. Канадын Колумби мужийн Ричмонд дахь тэнгисийн байрладаг тус нисэх буудал жилд 22.3 сая зорчигч хүлээн авдаг.
Хойд Америкийн нисэх буудлуудыг тэргүүлж, “Skytrax”-ын шагналыг найм дахь жилдээ хүртсэн шалтгаан нь тус нисэх буудлыг ТОП-15-д багтах том түлхэц болжээ. Санал асуулгад оролцогчид YVR-ийг найрсаг ажилтнуудтай, өндөр түвшний зохион байгуулалттай, Ванкувер хотын төвд байрладаг зэрэг олон давуу талыг онцолжээ.
Беррандын хойг дээр байрлаж, Беррард Инулмет, Фрасерын гол, Гүржийн хоолой, Номхон далайтай усаар хиллэдэг Ванкувер хотын баруун хойд талд усан онгоцны томоохон боомт бий. Мөн тус хот их хэмжээний уран зургийн цуглуулгатай. Энэ бүгд нь Ванкуверыг чиглэсэн агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлж байдаг.
- Кансай Олон улсын нисэх буудал (KIX)
Японы Осака Бэйд хиймэл аралд байрладаг Кансай Олон улсын нисэх буудал жагсаалтын 12-т бичигджээ. Киото, Кобо, Осака зэрэг том хотуудыг багтаасан Кансай мужийн олон улсын гарц болох энэ нисэх буудал жилд 25.2 сая зорчигч хүлээн авдаг.
1994 оны есдүгээр сард нээгдсэн. “Ниппон Эйрвэйз”, “Япон Airlines”, “Ниппон Карго Airlines” зэрэг хэд хэдэн агаарын тээврийн компанийн төв. Кансай нисэх буудлыг санал асуулгад оролцогчид “гайхалтай” хэмээн тодорхойлжээ.
Өөрийн гэсэн өнгө донжтой орчин үеийн архитектур бүхий нисэх буудлын байгууламж цэвэрхэн, ажилтнууд нь найрсаг. “Sky View” ажиглалтын тавцантай бөгөөд зорчигчид хөөрч, бууж байгаа нислэгүүдийг ажих, гайхалтай бодол төрөх боломжийг олгодог гэж тэд үнэлжээ.
- Amsterdam Schiphol Airport (AMS)
Нидерландын нийслэл Амстердамын Schiphol Олон улсын нисэх буудал жилд 58.3 сая зорчигч хүлээн авдаг. Амстердамын төвөөс баруун тийш есөн км зайд оршдог, хотоос автомашинаар 20 минут явж хүрдэг нисэх буудал нь KLM, Arkefly, Transavia, Amsterdam Airlines болон Martinir, Delta зэрэг томоохон агаарын тээвэрлэгчдийн гол төв.
Жилд 50 сая зорчигч тогтмол тээвэрлэдэг гэсэн үзүүлэлтээр жил бүр Европын хамгийн том таван нисэх буудлын нэгд багтдаг. Цаг үргэлж таван тивийг чиглэсэн нислэг хөөрч бас буудаг. Агаарын тээврийн зорчигч урсгалын ачаалал их, хамгийн хэцүү нисэх буудлын нэг.
1916 онд нээгдсэн Schiphol нисэх буудал зорчигчдыг онгоц хүлээх цагаа аятайхан өнгөрүүлэх боломжоор сайн хангагдсан гэсэн үнэлгээгээр ТОП-15 жагсаалтад орж ирсэн. Жишээ нь, нислэг хүлээх зуураа авч уншаад, хүлээлгэж өгөх номын сантай.
- Франкфуртын Олон улсын нисэх буудал (FRA)
Жилд 61 сая зорчигч хүлээн авдаг энэ нисэх буудлыг “Skytrax”-ын санал асуулгад оролцогчид зорчигчдын дамжин өнгөрөх замыг хөнгөвчлөх зорилгоор зохион байгуулсан терминал болон худалдааны төвийн үйл ажиллагааг таашаадаг гэцгээжээ. Мөн хоолны сонголт сайтай хэмээн сайшаасан байна.
Олон улсын хамгийн чухал транзит төвийн нэг Франкфуртын нисэх буудлаас 106 авиакомпанийн агаарын хөлөг 111 орны 275 чиглэлд тогтмол нисдэг. Зорчигч тээврийн хамгийн ачаалалтай тус нисэх буудалд FRA бол Lufthansa-н 270 гаруй онгоц төвлөрч, өдөрт ойролцоогоор 1365 орчим нислэг үйлдэгддэг. Санал асуулгад оролцогчид мөн цагаачдын дараалал түвэг учруулах болсон гэх гомдлыг дайсан байна.
9. “Heathrow” Олон улсын нисэх буудал (LHR)
Нислэг болон зорчигч урсгалын ачаалал өндөртэй Олон улсын нисэх буудлыг жагсаалтын гуравт багтдаг Лондоны “Heathrow” нисэх буудлаар жилд 75 сая зорчигч үйлчлүүлдэг. Тус нисэх буудал энэ удаа Дэлхийн хамгийн нэр хүндтэй 15 нисэх буудлын есдүгээрт бичигджээ.
Британийн агаарын тээвэрлэгч Эйрвэйз болон Virgin Atlantic компанийн гол төв болох тус нисэх буудал жилд 75 сая зорчигч хүлээн авдаг. Терминалын таван байгууламж нь тус нисэх буудлыг шилдэгүүдийн тоонд багтаажээ. Терминалын зохион байгуулалт, ашиглалт, аюулгүй байдлын хамгаалалт, ажилтнуудын ур чадварыг санал асуулгад оролцогчид үнэлсэн байна.
8. “Zurich” Олон улсын нисэх буудал (ZRH)
Жилд 27.7 сая зорчигч хүлээн авдаг “Zurich” Олон улсын нисэх буудлаас дэлхийн 62 улсын 196 чиглэлд нислэг үйлдэгддэг. Швейцарын том хотуудыг холбосон олон улсын агаарын шугамын хамгийн том төв юм.
Олон улсын нисэх буудлаас унадаг дугуйгаар хөлбөмбөгийн түүхт газрууд болон Швейцарийн музейг үзэх бэсрэг аялалыг санал болгодог тус нисэх буудал энэ удаагийн шилдэгүүдийн наймд жагслаа.
- Японы Олон улсын “Central” нисэх буудал
Нагоя хотын ойролцоо Исе Бэй хотын хиймэл арал дээр баригдсан Японы Олон улсын төвийн нэрээр нэрлэгддэг “Central” нисэх буудал нь тус улсын Japan Airlines болон ANA авиакомпаниудын гол төв юм. Жилд 9.8 сая зорчигч хүлээн авдаг.
“Central” Олон улсын нисэх буудал дэлхийн хамгийн шилдэг бусад нисэх буудлаас эрс ялгаатай. Агаарын хөлөг нисэж, буух агшинд Нагоя боомт руу зорчиж буй олон тооны хөлөг онгоцыг харж болно.
Нисэх буудалд Японы уламжлалт халуун усны газар бий. Нислэгийн цагаас өмнө ирээд эсвэл дөнгөж буугаад энд алжаалаа тайлаад явах боломжтой. Бас нисэх буудлаас жаргаж буй нарны үзэсгэлэнг тольдож болно.
6.” Hamad” Олон улсын нисэх буудал
Жилд 30 сая зорчигч хүлээн авдаг Катарын “Hamad” нисэх буудал 2014 онд ашиглалтад орсон. Катар Эйрвэйз болон тус улсын бусад агаарын тээвэрлэгчдийн гол төв юм. Дэлхийн хамгийн нэр хүндтэй 15 нисэх буудлын Ойрх Дорнодын хамгийн анхны аэропорт болж байна.
Тийрэлтэт гүүрэнд холбогдсон зорчигч урсгалын хаалга, шалгах талбайтай мөн галт тэрэгний гүүрэнд холбосон олон тооны зорчигч хаалгатай. 16 тэрбум долларын өртөг бүхий барилга байгууламж нь дэлхийн хамгийн шилдэг архитектур болсон. Хамгийн тансаг цогцолбор мөн хэмээн үнэлэгджээ. Энэ үнэлгээ нь тус нисэх буудлыг “Skytrax”-ын ТОП-уудын нэгд зүй ёсоор багтаасан.
- Хонг Конгийн Олон улсын нисэх буудал (HKG)
Хонконгын эрэг дээрх хиймэл аралд байгуулагдсан HKG 1998 онд ашиглалтад орсон цагаасаа эхэлж дэлхийн алдартай Олон улсын нисэх буудлын нэгд тооцогдох болсон. Жилд нисэх буудлаар 68.3 сая зорчигч үйлчлүүлдэг.
Эх газрын Хятад руу 45 чиглэлээр холбогддог. Азийн бусад улс орон руу гарах гарц болдог, бүс нутгийн транзит тээвэр болон зорчигч тээврийн төв. Мөн дэлхийн хамгийн том зорчигч тээврийн терминалын нэг учраас хамгийн ачаалал ихтэй нисэх буудлын нэгд тооцогддог.
Нисэх буудал нь Хонгконгийн Express Airways, Catnay Dragon, Ailanes, ачаа тээврийн Air Hong Kong болон Ази-Номхон далайн ачаа тээврийн UPS Airlines, Хятадын China Airlines, Eastem Airlines зэрэг олон агаарын тээвэрлэгчдийн гол төв. Эндээс 100 гаруй агаарын тээврийн компани дэлхийн 180 гаруй хот руу тогтмол нислэг үйлддэг.
“Skytrax”-ын санал асуулгад оролцогчид HKG нисэх буудлын Терминал-2 –ын ойролцоо байх “Sky City Nine Eagles” гольфын талбайд тоглоод үзэхийг санал болгосон байна.
- “Munich” Airport нисэх буудал (MUC)
Европын хамгийн ачаалал ихтэй Олон улсын нисэх буудалд Германы “Munich” зүй ёсоор багтдаг. Франкфуртын нисэх буудалтай харьцуулахад арай бага буюу жилд 42.3 сая зорчигч хүлээн авдаг. “Munich”-ээс дэлхийн 248 чиглэлд нислэг үйлдэгддэг.
Тус аэропорт Айр Берлин, Люфтанза, Кондор зэрэг агаарын тээвэрлэгч компанийн гол төв юм. Архитектурын өвөрмөц шийдэлтэй, ойролцоох жуулчдын паркад мини гольфийн талбай бий. Мөн агаарын хөлгийн түүхийг харуулсан үзэсгэлэнгийн талбайтай.
Тус аэропортод Бавари мужийн хуулийг дагаж мөрддөггүй цорын ганц дэлгүүр байрладаг. Өглөөний 05.30 цагаас шөнө дунд хүртэл ажилладаг тус дэлгүүр ням гаригт ч үүдээ нээсэн байдаг. Нисэх буудлын II терминалын дээр өргөн шилэн тагт бүхий зорчигчид тухалж болох заал бий. Онгоцны хормой харагдаж байдаг энэ орчин газар хөдлөлтийн үед зорчигч, жуулчдыг нэвтрүүлэх аюулгүйн бүс болдог байна. Энэ бүхэн “Munich” аэропортыг дэлхийн нэр хүндтэй 15 нисэх буудлын дөрөвдүгээрт жагсаажээ.
3. “Incheon” олон улсын нисэх буудал (ICN)
Өмнөд Солонгосын нийслэл дэх Инчон дэлхийн хамгийн их ачаалалтай 24 дахь Олон улсын нисэх буудал. Жилд 49.3 сая зорчигч хүлээн авдаг байна.
2001 онд ашиглалтад орсон тус нисэх буудлын аюулгүй ажиллагаандаа өдөр тутамд ашигладаг өндөр технологи бүхий тоног төхөөрөмжүүд, соёлын тоглолт, дэлгүүр болон хоолны сонголт зэрэг нь Инчоныг хамгийн нэр хүндтэй аэропортуудын ТОП-3-т багтаажээ.
Өнгөрсөн жилийн шалгаруулалтаар 2-т жагссан Инчон энэ онд нэг байраар ухарсан байна. Онгоцны буудалд БНСУ-ын Соёлын музей байрладаг.
- “Haneda” Олон улсын нисэх буудал (HND)
Өмнөх жилийн жагсаалтын дөрөвт бичигдэж байсан Токиогийн “Haneda” Олон улсын нисэх буудал энэ удаа аман хүзүүнд багтжээ. Японы нийслэлээс хэдхэн километрийн зайд байрлах “Haneda” нь бизнес аялагч, жуулчдад зориулсан алдартай боомтын нэгд тооцогддог. Токиогийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын томоохон хоёр нисэх буудлын нэг.
Токио хот өөрөө дэлхийн хамгийн агаарын тээврийн зорчигч урсгал ихтэй дэлхийн хотын жагсаалтад Лондон, Нью-Йоркийн дараа бичигддэг. Жилд 75.3 сая зорчигч хүлээн авдаг. Үйлчилгээний үр ашиг, орчны цэвэр цэмцгэр байдал, дэлгүүрээрээ алдартай.
- Сингапурын “Changi” International Airport (SIN)
Таван жил дараалан “Skytrax World’s”-ын титэмийг авсан дэлхийн олон улсын зорчигч болон ачаа тээврийн хамгийн их ачаалалтай Зүүн өмнөд Азийн хамгийн том төв. “Changi” аэропортоос дэлхийн 90 гаруй орны 100 гаруй агаарын тээврийн компани 380 хот руу нислэг үйлддэг. Долоо хоног тутамд 7000 орчим нислэг хийгддэг.
Сингапурын нисэх онгоцны буудлын гоёмсог архитектур, үр ашигтай үйл ажиллагаа, тансаг амралт, хоолны газар болон дэлгүүрийн сонголтууд шинжээчдийн магтаалыг хүлээдэг байна. Мөн хажуугаар зөрж өнгөрөх хэдэн арван нисгэгчид, кино театр, мультимедиа зугаа цэнгэлийн тавцан зэрэг зорчигчдын нүдийг хужирлах үзэгдэл олонтой.
Бэлтгэсэн: Д.ХАЛИУН
businessinsider.com