БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын дарга Жу Хый Ён 2022 оны есдүгээр сарын 13-18-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилж өнгөрсөн хугацаанд хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн боловсролын мэдээллийн технологийг дэмжих төслийн шугамаар нийлүүлсэн суурин компьютерын ашиглалт, мэдээллийн технологийн кабинетын нөхцөл байдалтай танилцаж төсөл хэрэгжсэн сургуулиудын багш нарын чадавх бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус төслийн хүрээнд суурин компьютер нийлүүлэх, багш ажилтныг БНСУ-д урьж сургалтад хамруулах, Улаанбаатар хотод сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн ба одоогийн байдлаар Монгол Улсад нийт 3,142 ширхэг суурин компьютер, таблет зэргийг үнэ төлбөргүй нийлүүлсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын үеэр багш, ажилтны чадавх бэхжүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан ба энэ удаа 2022 онд нийслэлийн 72, 142 дугаар дунд сургуулиудад тус сургалтыг танхимаар амжилттай зохион байгууллаа.
Мөн 2020, 2021 онд суурин компьютер нийлүүлсэн сургуулиудын мэдээллийн технологийн 40 гаруй багш нарыг Ковид-19 цар тахлын улмаас хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдсэн зайны сургалтын хичээлийг явуулахад суурин компьютерыг хэрхэн ашиглах талаарх сургалтад хамруулсан ба энэ удаагийн айлчлалын үеэр 2022 онд уг төсөлд хамрагдах гэж буй нийслэлийн 115-р сургууль дээр зочилж мэдээллийн технологийн кабинеттай танилцаж, цаашид нийлүүлэх тоног төхөөрөмжийн талаарх саналыг сонсов.
Сөүл хотын боловсролын газар нь 2022 онд Монгол зэрэг улс орнуудад нийт 150 ширхэг суурин компьютер нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн суурин компьютер нийлүүлэх, багш нарын чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах ажлуудыг улам өргөжүүлэн хамтдаа өсөж хөгжих түншлэлийн харилцааг бий болгохоор ажиллаж байна хэмээн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.