Энэ сарын 15-17-нд Мандалговь хотноо зохион байгуулсан “Дундговь түншлэл-2022” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд 14 сумын 260 гаруй баялаг бүтээгчид оролцож, 130,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.
Жил бүр зохион байгуулдаг тус өдөрлөгийн үеэр нийтийн хоол, цагаан идээ, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж үйлдвэр, гар урлал, газар тариалангийн “Шилдэг бүтээгдэхүүн”, шилдэг үйлдвэрлэгчдийг шалгаруулж, аймгийн “брэнд”, “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч”-ийг тодруулжээ.
Зах зээлийн энэхүү өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд Луус сум хамгийн зохион байгуулалттайгаар оролцож, “Шилдэг сум” хэмээх өргөмжлөлийг хүртсэн. Тус сумаас 15 малчин өрх цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн борлуулан 17,3 сая төгрөгийн орлого олж, Буянт багийн “Аймгийн аварга малчин” Н.Бямбажавын гэр бүл “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчээр шалгарчээ.
“Шилдгийн шилдэг гран при” шагналын эзнээр Эрдэнэдалай сумын “Далайн баялаг” төгөл хоршоо шалгарлаа. Тус хоршоо хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд хоршооны гүйцэтгэх захирал Х. Нарантуяа “Шилдэг ногоочин” өргөмжлөлийг мөн хүртсэн аж.
“Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Политехник коллежийн сурагчдын үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн иж бүрдэл бүтээгдэхүүн, Дэрэн сумын А.Олзбаярын үйлдвэрлэсэн үндэсний хувцас тус тус шалгарсан бол “Гар урлалын болон бэлэг дурсгалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Өндөршил сумын үйлдвэрлэгч С.Энхжаргалын давсан урлал, Сайнцагаан сумын ахмад настан О.Алтанцэцэгийн “зүү ороох” урлал тус тус шалгарчээ.
“Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Мандалговь хүнс ХХК болон Эрдэнэдалай сумын “Далайн баялаг” хоршооны гүйцэтгэх захирал Х.Нарантуяа нарын тарьсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо шалгарсан бол “Хүнсний нэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянжаргалан сумын үйлдвэрлэгч Д.Отгонбаатарын талх, талхан бүтээгдэхүүн шалгарч, “Ээлт бор хайрхан” ХХК “Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч байгууллага” боллоо.
Хан Дээж ХХК-ний үйлдвэрлэдэг гумины бордоо, Гурвансайхан сумын малчин Ж.Өнөржаргалын сүү сүүн бүтээгдэхүүнийг “Аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ээр тодруулжээ.
“Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Сайхан-Овоо сумын малчин С.Цогтсайханы айраг шалгарсан бол Гурвансайхан сумын малчин, Улсын аварга саальчин Б.Хорлоо “Шинийг эрэлхийлэгч, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” боллоо.
Түүнчлэн “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Өлзийт сумын малчин Ш.Бямбаа, Хулд сумын малчин Т.Баярмаа, Адаацаг сумын малчин Б.Эрдэнэцэцэг, Сайнцагаан сумын малчин Г.Оюунчимэг, Дэлгэрцогт сумын малчин Г.Гансүх, Луус сумын малчин Н.Бямбажав, Говь-Угтаал сумын малчин А.Долгор нар шалгарч, ийнхүү зах зээлд шилдэг үйлдвэрлэгчид болжээ.
MONTSAME