Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх станцын буруутай ажиллагаанаас болж, ААН-үүд олон тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсээд байгаа талаарх гомдол манай сайтад ирлээ.
Тодруулбал, Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх станцаас зам барилгын ажил хийж байгаатай холбогдуулан цахилгаан таслана гэх албан бичгийг ААН-үүд рүү илгээжээ. Цагаа олоогүй, намрын ид ажил өрнөж буй энэ өдрүүдэд гэнэтийн ийм шийдвэр гаргаж, замын ажил хийх гэсний гороор Дархан, Сэлэнгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг маш олон аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амсахаар байгаа аж.
Уг албан бичгийг и-мэйлээр хүлээн авсан ААН-үүд “Ид ургац хураалтын үе таарсан, хэрвээ цахилгаан тасалвал хатаалга нь эхэлсэн олон тооны хүнсний ногооны горим алдагдаж муудах, будаа, мах чанараа алдаж, олон тэрбум төгрөгийн эрсдэл үүснэ. Тиймээс цахилгаан таслуулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг гаргаж эхэлсэн байна.
Учир нь ихэнх ААН-үүд ургацаа хурааж эхэлсэн бөгөөд хураасан ургацаа хөргүүрт хийсэн. Хэрвээ цахилгаан тасалвал хатаалга нь эхэлсэн олон мянган тонн нойтон будаа, махны үйлдвэрт нядалгаанд байгаа өчнөөн тонн мах муудах, үлээлгэнд байгаа олон мянган тонн будаа чанараа алдах эрсдэлтэй юм.
Намрын сар шувтарч, ургац хураалт, тариа буудайн чиглэлээр Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ямар ч уялдаа холбоогүй, хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдээ бодоогүй иймэрхүү шийдэл нь хүнд тусах нь гарцаагүй.
Гэвч тус цахилгаан түгээх станц нь ААН-үүдийн уг гомдол, хариу бичгийг үл тоож, харилцан зөвшилцөхгүйгээр цахилгаанаа таслахаар болсон гэх мэдээлэл байна. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хооронд дахин үл ойлголцол гарах бололтой. Ер нь зам барилгын ажлаа зуны дэлгэр цагт тариа буудай, ургац, хүнсний ногоогоо хураахаас нь өмнө хийж боломжтой байсан. Гэтэл яг намрын ид ургац хураалтын үеэр цахилгаан таслахаар болж, гол нь ААН-үүдтэйгээ харилцан зөвшилцөхгүй олон ААН-үүдийг эрсдэлд оруулж байгаа нь хачирхалтай.
Төр аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж чаддаггүй юм аа гэхэд хохироох эрсдэл үүсгээд буй Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцын удирдлага, ажилтнуудад дээд шатны байгууллага болох ЭХЯ-наас хариуцлага тооцох шаардлагатай байна.
Эс бөгөөд маш олон ААН, олон тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгөөрөө хохироод дуусах нь…
Эх сурвалж: UBN.mn