Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн өчигдөр (9.18) өндөрлөсөн бөгөөд 26 спортын шилдгүүд тодорлоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тул Монголын спортынхны хувьд энэ наадмыг “олимп” хэмээн нэрийдэж болно. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл) хүртсэн амжилтаар Монголын бүх ард түмний спортын XV наадмын тэргүүллээ.
Дэд байрт Чингэлтэй дүүрэг 57 медаль (25 алт, 13 мөнгө, 19 хүрэл), гуравдугаар байрт Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) авсанаар эхний гурван байр эзэлсэн баг тодорлоо. Наадмын дүнг аймаг, дүүргээр нь дүгнэвэл, аймгуудаас Хэнтий аймаг түүхэндээ анх удаа тэргүүлсэн бол дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алтан медальтайгаар хол тасархай түрүүллээ.
Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.