Урт насалж, удаан жаргана гэдэг хүн төрөлхтний эртний хүсэл мөрөөдөл. Засгийн эрхэнд хязгааргүй байх хүсэлтэй хүний хувьд эрт орой хэзээ нэгэн цагт энэ нь төгсгөл болно гэдэг тун харамсалтай хэрэг билээ.
ХХ зууны хамгийн алдартай улс төрийн зүтгэлтний нэг Мао Зэдун мөнх наслахын гол нууц нь сексийн идэвхтэй байдал гэж үздэг байв. Тиймээс ч Хятадын ард түмэн өглөө бүр “Мао дарга мянга мянга наслаг” гэсэн уриатайгаар сэрж, мянга мянган онгон охин түүний насыг уртастгах агуу их даалгавартайгаар удирдагчийнхаа орыг зорьдог байжээ.
Түүхчдийн баталснаар Мао Шар эзэн хааны туршлагыг давтаж, дурлалын мансуурлаас мөнхийн үнэ цэнийг олж авахыг хүсдэг байжээ. Тиймээс ч амрагуудаа байнга сольдог байсан гэнэ. Ялангуяа хөдөөгийн тариачны гэр бүлээс гаралтай охид Маогийн амрагууд болж байв. Охидын хувьд ч даргатай ойртоно гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил зүйл байлаа. Тэдний олонх нь агуу их удирдагчаа хамгийн агуу хүн гэдэгт ч чин сэтгэлээсээ итгэдэг байв.
Маог эмчилж байсан Ли Цисуй эмч түүнийг нас барснаас хойш 18 жилийн дараа удирдагчийнхаа ор хөнжлийн явдлын тухай цөөнгүй нууц дэлгэжээ. Үүн дотор Мао ариун цэвэр муу сахидаг нөхөр байсан бөгөөд гар, нүүрээ бараг угаадаггүй, усанд ховорхон ордог, шүдээ хаа нэг угаадаг, тэр ч бүү хэл трихомоноз гэгч бэлгийн замын өвчинтэй байсан гэнэ.
Анагаах ухаанд бол энэ өвчнийг бүрэн төгс эмчлэх боломжтой. Гэвч охид, хүүхнүүдээс буцдаггүй дарга хэсэг хугацаанд ч гэсэн завсарлага авчих вий гээд юу гэж эмчлүүлэх билээ. Ингээд хэчнээн охинд энэ бохир өвчнийг халдаасан нь ч тодорхойгүй байна.
Түүнчлэн Мао 1950-иад онд түрүү булчирхайн үрэвсэл туссанаасаа хойш үргүйдэлтэй гэж оношлогджээ. Тиймээс ч нас дээр гарсныхаа дараа ямартай ч охид, хүүхнүүдийг жирэмслүүлж чадаагүй байна.
Мао дарга олон тооны амрагаас гадна хууль ёсны гурван эхнэртэй, 10 хүүхэдтэй байсан юм. Түүний 5 охин, 5 хүүгээс гурав нь л амьд үлдэж чадсан. Тэд бол Мао Аньцин, Ли Минь, Ли На нар юм. Түүний нэг охи, хүү ЗХУ-ын Ивановогийн олон улсын хүүхдийн асрамжинд хүмүүжиж байсан бөгөөд охин Цзяоцзяо нь (сүүлд нь Ли Минь гэдэг нэртэй болсон) аавдаа захидал бичиж явуулснаар агуу их удирдагч хүүхдүүдтэйгээ уулзсан гэдэг. Уг захидалд “Мао дарга аа! Бүгд л таныг миний эцэг, харин намайг таны төрсөн охин гэх юм. Гэвч ЗХУ-д би таныг хараагүй, үнэн эсэхийг нь ч мэдэхгүй. Та үнэндээ миний төрсөн аав, би таны охин мөн үү?” гэж бичжээ.
Мао Зэдун залуу амрагууд нь түүнд мөнхийн амьдрал бэлэглэнэ гэж итгэж байсан ч тийм гайхамшигт тохиогоогүй юм. Хятадын удирдагч 83 насандаа таалал төгсчээ.