Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж, нийт 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна.
Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тэдгээрээс 450 цэгийг өнөөдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгавар, Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.
Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.