Цөмийн энергийн комисс, Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагаа “Цар тахлын хэв шинжтэй, малын гоц халдварт, хил дамжин халдварлах өвчнүүдийн оношилгоо, вакцины технологийг сайжруулах” MON/5026 төслийн хүрээнд Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх 165 мянган еврогийн үнэ бүхий 500,000 тун вакциныг Мал эмнэлгийн Ерөнхий газарт хандивласан байна.
Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин юм. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй байдаг байна.
Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг аж.
Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг байна.