Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлагатай холбоотой худал мэдээлэл цахим орчинд цацагдсан. Ту мэдээлэлд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ” хэмээн бичсэн байна.
Ийн худал мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогдуулан Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр цахим орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан гэрээт цэрэг бүртгэнэ гэх мэдээлэл цацагдсан. Бид ОХУ-ын талтай холбогдож мэдээллийг тодруулсан. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл гэдэг хариу ирсэн. Энэ үйлдэл бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Энэхүү хуурамч мэдээллийг цацсан этгээдийг тагнуулын байгууллага олж тогтоолгоно. Энэ бол маш ноцтой асуудал. Энэ хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Өмнө нь ийм асуудал гарч байсан. Бид олж тогтоож байгаа. Гэхдээ шалгах ажиллагаа явуулж байгаа үед нэрийг нь зарладаггүй журамтай. ” гэлээ.