Манай улсад эмч, эмнэлгийн ажилчдын цалин бага байдаг. Эмч нар ээлжийн амралтаараа Солонгос явж ажил хийдэг, үүнээс улбаалан эмнэлгийн байгууллага ажиллах хүчингүй болсон талаарх мэдээлэл ч гарч байсан билээ.
Тэгвэл сүүлийн үед эмч нар цагаан халаадаа цагаан машинаар солих болжээ. Энэ талаар Н.Мөнх-Амгалан эмч ажлаа орхин тээвэрт явах болсон талаараа цахим хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр “Цагаан халаадаа цагаан машинаар сольсон залуу байна. Би улсад зургаан жил ажиллахдаа юу хийсэн гэж үү. Миний бие 2015 онд хүний их эмч 2016 оноос эмгэг судлаач эс судлаач, 2016 оноос хойш өнөөг хүртэл эмгэг судлаач эмчээр ажиллалаа. Энэ хугацаанд 7000 гаруй биопси /амьд ахуйд нь эд авах дурангаар/, Эмгэг судлалын задлан шинжилгээ 300 гаран, эсийн шинжилгээ 8000 орчим хийжээ. Тодруулбал 30000 гаран иргэнд өөрийн чадах хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Миний бие ажиллаж хэлсэн цагаасаа хойш 410 гаруй хортой хавдар/сүүлийн шатанд орсон нь их байсан/, 3600 гаруй хоргүй хавдар, 26000 мянган хавдрын бус эмгэг илрүүлж 21 аймгаас 2020 онд улсын хэмжээнд шилдэг лаборатори болж найман тусгай будаг нэвтрүүлж тэргүүний лаборатори болсон. Миний ажилласан зургаан жилийн хугацаанд намайг болон манай лаборант, туслах ажилтанг маань хэн ч үнэлсэнгүй. Бид ажилласаар л байлаа. Завхан аймаг маань 76 мянган хүн амтай тэрний 30 гаран мянган хүн амд нь эмгэг судлалын лаборатори маань хүрч ажиллаж ээ.
Миний эцсийн зорилго бол эмгэг судлалын салбарын хөгжилд мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж ард иргэдийг хавдрын эцсийн шатанд орохоос өмнө оношлох эрүүлжүүлэх хүсэл зорилготой байлаа. Энэ хугацаанд хамт ажилсан үе үеийн эмч нартаа баярлалаа” гэв.