УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Монголын ноос ноолуурын холбоо, Итали Монголын технологийн төвд ажиллаж, үйлдвэрлэгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсож, салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломж, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцсон юм.
Монгол Улс жилдээ 10.0 мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй бөгөөд нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолж байна. Нэг жилд бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуурыг дотооддоо бүрэн самнах боломжтой хэдий ч суурилагдсан хүчин чадлынхаа 20 гаруйхан хувийг ашиглаж байгаа юм.
УИХ-ын 2022 оны 19 дүгээр тогтоолтой уялдуулан 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг салбар яамнаас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад бэлтгээд байна.
Уг зохицуулалт батлагдан хэрэгжсэнээр угаасан ноолуур экспортод гарахгүй, харин 3.880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрт одоогийн байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэх юм.
Уулзалтын үеэр Монголын ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн зүгээс
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 –т:
- Малчид, хоршоог тодорхой хэмжээний ноос, ноолуур бэлтгэн үйлдвэрт тушаасан тохиолдолд НӨАТатвар төлсөнд тооцон ноос, ноолуур бэлтгэхэд төлсөн НӨАТ-ыг шууд хасалт хийхээр зохицуулалт хийж өөрчлөлт оруулах,
- Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн тухайлбал, ээрмэл утасны импортын татварыг 20-30 хувьд хүргэх,
- Импортоор оруулж буй тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх,
- Хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг уян хатан болгох,
- Ажиллах хүчний асуудлыг бодлогоор дэмжих зэрэг саналыг дэвшүүллээ. Ингэснээр үйлдвэрлэгчид малчдаас авах ноолуурын үнийг унагахгүйгээр, орлогыг нь тогтворжуулах замаар тус салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Нэмэгдсэн өртгийн албан татвар, и-баримттай холбоотой асуудлыг эргэн харж, холбогдох байгууллагуудтай санал солилцоно. Мөн Монголдоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг бүхий л талаар дэмжиж, цаашид нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, улмаар ээрмэл болон бэлэн бүтээгдэхүүний экспортод анхаарч ажиллана. Энэ бодлогыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгохын тулд “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар даруй хэлэлцүүлэн батлуулна” гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ