Хуулиараа уул уурхайн компани нь ашигт малтмалын ямарваа нэг үйл ажиллагаа явуулахын тулд хэд хэдэн тусгай зөвшөөрөл авсан байх ёстой байдгаас нэн тэргүүнд хайгуулын, дараа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг авна. Угтаа бол эдгээр тусгай зөвшөөрлийг олгох үйл явцад иргэд дуу хоолойгоо өргөх боломж нээлттэй байдаг. Энэхүү оролцоо нь тухайн уул уурхайн компани цаашид үйл ажиллагаа явуулах эсэх шийдвэрийг гаргах хамгийн оновчтой үе юм.
Иргэд орон нутгийн байгууллагуудаар дамжуулан төлөөлөгч байгууллагуудын үйл ажиллагаанд ч мөн оролцож болдог. Энэхүү боломжийг Монгол Улсын хуулиар бүх иргэдэд эрх тэгш олгосон байдаг. Иргэд сум, аймгийн засаг даргын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын (ИТХ) байгаль хамгаалах төлөвлөгөөтэй танилцах, санал бодлоо илэрхийлэх, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, засаг дарга гэх мэт холбогдох байгууллага, хүмүүсээс дараах асуултуудыг асуун, саналаа оруулж болно. Үүнд:
Манай орон нутгийн байгалийн нөөц баялаг, байгаль орчны талаарх тулгамдсан асуудлууд юу байна вэ? Орон нутагт маань байгалийн ямар баялаг байна вэ? Бид бүхний мэдэх ямар ямар асуудлууд байна вэ? Ямар зүйлс бидэнд үнэ цэнтэй вэ? Байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө байна уу? Тухайн төлөвлөгөө нь иргэдийн урт хугацааны сонирхол, эрх ашгийг хамгаалж чадаж байна уу? Байгаль хамгаалах төлөвлөгөөний төсвийн хэмжээ ямар байна вэ? Уул уурхайгаас орон нутгийн хөгжлийн санд жил бүр хэдэн төгрөг төвлөрч байна вэ? Түүнийг ил тодоор, шударга зарцуулж чадаж байна уу? г.м
Энэ шат дараалал алдагдсанаар сүүлийн жилүүдэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг жил ирэх тусам өсөж, 5 жилийн хугацаанд л гэхэд 224 хүн хууль бус олборлолттой холбоотойгоор ял шийтгэл эдэлж байгаа бөгөөд улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 252 иргэн, 9 хуулийн этгээдэд ойролцоогоор 2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 878 сая төгрөгийг буюу 42.5 хувийг нөхөн төлүүлж, 467 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.
Мөн орон нутгийн иргэд албан тушаалтнуудтай хууль бус тохиролцоо хийх, худалдан авах, авлига хээл хахууль өгөх зэргээр хууль бус уул уурхайн үйл ажиллагаа улам бүр хүчээ авч нуугдмал, зохион байгуулалттай болж буй нь орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдалтай шууд холбоотой.
Түүнчлэн зарим нутагт ундны ус хомсдож, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ба ухаж орхисон гүнзгий нүх, хиймэл нуурт хүн, мал унаж бэртэх, амь насаа алдах тохиолдлууд ихээр гарч байна.
Хууль бус уурхайг таслан зогсоохын тулд улсаас тодорхой бүсийг харуул хамгаалалтад авах, илрүүлэх тоног төхөөрөмж худалдан авах, ажилчдыг сургаж бэлтгэх, олон нийтэд мэдлэг олгох зэрэг арга хэмжээ авдаг хэдий ч хэргийн 50-иас илүү хувийг иргэдийн мэдээллээр илрүүлдэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ тоо буурсаар байгаа тул иргэн та ирээдүй хойч үеийнхээ төлөө хууль бус уул уурхайн сэжигтэй үйлдлийн талаарх мэдээллийг экологийн цагдаагийн албаны 7019-1070 дугаарт цаг алдалгүй мэдэгдээрэй.
Хууль бус үйлдлийг зогсоох үүрэг иргэн бүрд бий.