“Белград-2022” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий алтан медалийн төлөөх барилдаанд манай улсын хоёр тамирчин өчигдөр/2022.09.14/ барилдсан билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын жинд барилдсан Д.Отгонжаргал, Б.Хулан нар мөнгөн медалийг хүртжээ.
ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон бол ДАШТ-д анх удаа оролцож буй ази тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.
Д.Отгонжаргал нь Дэлхийн аваргын хос медальтан болсноос гадна Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аваргын 22 дахь мөнгөн медаль, ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 18, эмэгтэйчүүдээс 8 дахь тамирчин болж буйгаараа онцлог юм. Харин “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хулан нь медаль хүртсэнээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна. Одоогоор 25 улс ДАШТ-ээс медаль хүртсэн байна. Үүнээс Монголын баг тамирчид медалийн чансаагаар 9-р байрт бичигдэж байна.