“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлсэн байна. Ингэснээр Хөгжлийн банк 86.6 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөгүй чанаргүй зээлийг төлүүлэх боломж бүрдэж байна.
АТГ-аас Монгол улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны 2 дугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга байсан. Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангиллаас гарлаа.