Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд төрийн байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо. Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглээд “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцоллоо. 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ.
Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа. Уулзалтад оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсээд Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа. Мөн алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэн хэллээ. “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.
1 comment
Утаа нүүрс гэж баахан мөнгө хөрөнгө гударцгаасан одоо түгжрэл гэж бас мөнгө шаах нь л дээ уг нь нээх сүртэй юм биш шүү дээ бүх их дээд сургууль зах худалдааны төвүүд барилгын материал зуурмагын үйлдвэрүүдээ л хотоос гаргачихвал түгжирэл ЖОГ шүү дээ усан тэнэгүүдээ том том мөнгө л яриад байх юм