Монголын бүх ард түмний спортын наадмын нээлтийн ёслол Спортын төв ордонд болов. Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, “Токио-2020” олимпын оролцогч, буудлагын ОУХМ Ц.Анударь, ширээний теннисээр олимпын наадамд анхлан оролцсон Б.Болор-Эрдэнэ болон марафонч Ц.Бямбажав нар төрийн далбааг заллаа. Мөн “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар наадмын бамбарыг асааж, дэлхийн аварга М.Анхцэцэг тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм.
Бүх ард түмний спортын XV наадам гурван үе шаттайгаар, спортын 26 төрлөөр зохиогдсон. Үүнээс олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Энэ наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 8-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Шигшээ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын тогтоолын дагуу шагнаж урамшуулах юм.
Наадам анх 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Бүх ард түмний спартакиад нэрийн дор зохиогдож байв. Анхны спартакиадын нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй. 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр спартакиадад 300 гаруй мянган хүн хамрагдаж байжээ.
Бүх ард түмний спартакиад жил бүр зохиогддог байсан ч 1961 оноос хойш дөрвөн жил тутам явуулах тогтолцоонд шилжсэн. Улмаар 2008 оноос хойш Монголын бүх ард түмний спортын наадам гэсэн нэртэйгээр өвөл, зуны спортын төрлүүдээр дөрвөн жил тутам зохион байгуулах болсон билээ