Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Өнөөдөр Монгол Улсын соёл, урлагийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдлээ гэж харж байна. Алсын Хараа – 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч бодлогын дэмжлэг үзүүлж байгаа.
Саяхан Засгийн газрын хуралдаанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого батлагдсан. Уг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын нэг нь дуу хөгжим юм. Дуу хөгжмийн салбарын гол суурь нь дуу хөгжмийн үйлдвэрлэлийг бий болгож, уран бүтээлчдийн бүтээлийг бүтээгдэхүүн болгох явдал.
Үүний хүрээнд Монгол Улсад өнөөдөр ISO 3382:2009 стандарт хангасан, хамгийн анхны А зэрэглэлийн киноны хөгжим, дуу бичлэгийн студи нээлтээ хийж байгаад баяртай байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад олон улсын стандарт хангасан студийн нээлт гэдгээс гадна дэлхийн бусад улс орнуудтай харилцах соёл болон бизнесийн харилцаанд таатай нөлөө үзүүлж, Монгол Улсын гадаад харилцааны өөр нэг чиг шугам нээгдэж байгаад баяртай байна.
Олон улсын статустай бүтээн байгуулалт хийж, улсынхаа соёл, урлагийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа B Production-ын хамт олонд талархал илэрхийлье” гэжээ.