Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” хэмээх газарт энэ сарын 4-ний өдөр хээрийн түймэр гарч, онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн анги унтраах арга хэмжээ авч байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тус газарт гарсан түймрийг цурамд оруулж өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр бүрэн унтраажээ.
Гэвч салхины улмаас оч үсэрч түймэр Чихэртэйн зуслангийн ар тал руу шилжжээ. Одоо аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн 40 гаруй хүнтэй бүрэлдэхүүн, орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.
Албаны хүний өгсөн мэдээллээр өнгөрсөн өдрүүдэд Чихэртэйд урьдчилсан байдлаар нийтдээ 82,5 га газар түймэрт шатжээ. Үүнд өнөөдрийн байдлаар дахин 10 орчим га газар нэмэгдсэн байна. Түймэр гарсан шалтгаан хараахан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
MONTSAME