Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулсан. Тэрхүү өөрчлөлтөд туссан нэгэн зүйл нь 1.8 тэрбумын тендерийн зардал юм.
Нийслэлд томоохон мега төслүүд болох шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр зэрэг төсөлд олон улсын хэмжээний оролцогч татах, хөрөнгө оруулагчдыг авчрахын тулд тэдэнд зориулсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Ганц жишээ татъя.
Шинэ тойрог зам л гэхэд нийтдээ 71.5 км, эхний ээлжинд Туулын эрэг дагуух 33.4 км замыг ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь зургаан түвшний уулзвартай.
Энэхүү замд хэрэглэгдэх далангийн материал л гэхэд Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний материал шаардлагатай болж байгаа. Юун түрүүнд инженер геологийн судалгаа болон байр зүйн дэвсгэр зураг хийх ёстой.
Мөн байгаль орчны урьдчилсан нөлөөллийн судалгаа хийх, зорчилтыг тооцоолох гэхчлэн ажлуудыг энэ хүрээнд хийх юм.