ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 5-8 өдрүүдэд Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт болж байна.
Монгол Улс энэ жил уг чуулга уулзалтад анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.
Тэрээр чуулга уулзалтад оролцогч дэлхийн 60 улсын төлөөлөгч, хөрөнгө оруулагчдад хандан Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгаа 10 дахин тэлж, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын нэг болох амбицыг зарласан юм. Мөн Ерөнхий сайд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн эхний 10 жил болох “Шинэ сэргэлтийн болдого”-ын хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчид болон бүс нутгийн улс орнууд, тэр дундаа хөрш хоёр улстайгаа хамтран ажиллах ямар боломжууд байгааг танилцууллаа. Тэрээр энэ үеэр боомтын сэргэлт, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжуудыг онцолсон.
Тухайлбал, Монгол Улс ОХУ-ын төрийн өмчит “РЖД” компанитай зүүн босоо тэнхлэгийн төмөр зам байгуулах асуудлаар санал солилцож эхэлсэн. Дан ганц, Орос-Хятад төдийгүй, Ази-Европыг холбох хамгийн дөт зам болох уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол-Орос-Хятадын ачаа тээврийн эргэлт гурав дахин нэмэгдэх боломжтой. Уг төслийг амжилттай хэрэгжүүлсний дараа баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, урьдчилсан ТЭЗҮ-г хийгээд байгааг онцолсон юм.
Одоо буй Алтанбулаг-Замын-Үүд төмөр зам дээр баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам бий болгосноор Монгол Улс зөвхөн хоёр хөрш төдийгүй Ази-Европыг холбосон олон улсын транзит тээврийн томоохон улс болох боломжтой.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс “бүс нутгийн хэмжээний эрчим хүчний төслүүд дээр хөрөнгө оруулагчид болон улс орнуудтай харилцан ашигтай, хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдсэн. Мөн тэрээр Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоос хангаад зогсохгүй, эрчим хүч экспортлогч орон болох боломжтой гэдгийг онцлон дурдлаа.
Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болж, бүтээн байгуулалтыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдын өмнө мэдэгдлээ.
Харин Монгол Улс ОХУ-тай Эгийн голын УЦС болон эрчим хүчний ЦС-уудын өргөтгөл, шинэчлэлийн багц төслийг хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаа бөгөөд нарийвчилсан судалгааг өвөртөлж ирсэн болохыг илэрхийлсэн юм. Үүнээс гадна, Монгол Улс цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эрчим хүчний бүх төслүүдийг танилцуулж, түншлэн ажиллах сонирхолтой аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллахад бэлэн. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Эрчим хүчний сайд болон төрийн холбогдох төлөөллүүдтэй шууд холбоо тогтоож, хамтран ажиллах саналаа илэрхийлэх боломжтойг онцолсон.
Тэгвэл аж үйлдвэрийн салбарын хувьд Монгол Улс 2023 оны гуравдугаар улиралд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, тогтвортой олборлолтын үе шатыг эхлүүлэх талаар мэдээллээ. Мөн Монгол Улс аж үйлдвэрийн боловсруулах салбарт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах бэлэн байгаа. ОХУ-БНХАУ-ыг холбох гурвсан улсын хамтарсан байгалийн хийн хоолойн төсөл төлөвлөгөөний дагуу явж байгаа нь Монгол Улс хэр сайн түншлэгч вэ гэдгийг харуулж байна гэлээ.