Азийн архитекторуудын “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” үзэсгэлэнг “Мишээл-Экспо” төвд нээлээ.
Үзэсгэлэнд Азийн архитекторуудын шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ. Тухайлбал, Азийн хот төлөвлөгч болон Монголын хот төлөвлөгч архитекторуудын бүтээл, Монгол Улсын тогтвортой хот байгуулалтын ирээдүй, хөгжлийн томоохон төслүүд, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, Торгоны замын уулзвар, эртний нийслэл Хар хорум хот зэрэг бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулж байна.
Тус үзэсгэлэнг гадаад дотоодын архитектурын хөгжлийн чиг хандлагаар туршлага солилцох, Монгол Улсын хөгжил дэвшлийн томоохон төсөл хөтөлбөрийг сурталчлан таниулах, олон улсын архитектор хамтран ажиллах нөхцөл боломж бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэлээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 9 хүртэл үргэлжилнэ.
Азийн архитекторуудын бүсийн зөвлөл буюу ARCASIA нь тус бүс нутгийн 22 улсын архитекторын байгууллагыг нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага юм. Үзэсгэлэнг “Азийн архитекторуудын форум-21” олон улсын чуулга уулзалтын хүрээнд гаргаж байгаа. Чуулга уулзалтаар орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэт арга, шинжлэх ухаан, цахим технологийн ололт амжилтыг ашигласан хот төлөвлөлт, хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон улс орнуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр сайн туршлагын талаар санал бодлоо хуваалцаж, оновчтой шийдэл, санаа, зөвлөмж гаргах ач холбогдолтой.